logo
С.Батболд: Иргэдээ эрүүл, чанартай хүнсээр хангах зорилт бодит ажил болж байна

С.Батболд: Иргэдээ эрүүл, чанартай хүнсээр хангах зорилт бодит ажил болж байна

2012/05/17
“Монгол Улсын Засгийн газраас иргэдээ эрүүл, чанартай, импортоос хараат бус хүнсээр хангах зорилт биелж байна. Тухайлбал өнгөрсөн жил гэхэд л улсын хэмжээнд жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62.6 хувийг дотоодынхоо ургацаас хангаж чадсан нь үүний нэг нотолгоо” гэж Ерөнхий сайд С.Батболд онцоллоо. Тэрээр өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд болсон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нээлттэй өдөрлөгт оролцохдоо ингэж хэлэв. Тус яам “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд өнгөрсөн 4 жилд хийсэн ажил, хүрсэн үр дүнгээ иргэдэд тайлагнаж, мэдээлэл өгөн, цаашид хэрэг болох ажил хэрэгч саналыг нь сонсож байгаа юм.
 

 
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт өнгөрсөн жилүүдэд хийсэн ажил чамгүй, үр дүн ч боломжийн байна. Цаашид энэ ололт амжилтаа бататгаажуулахын төлөө зүтгэнэ. Малчдаа дэмжих, хоршооллыг хөгжүүлэх, түүхий эдийн бирж байгуулах гээд хийх ажил их бий” гэж Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэлээ. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал”, “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр, “Таван Эрдэнэ” арга хэмжээ, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбараа дэмжих зэргийн хүрээнд Засгийн газар цогц арга хэмжээ авч байгааг тэрээр дурдав. Яамны танилцуулгаас үзвэл Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 38 зорилт, 96 үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд хэрэгжилт 96.3 хувийн биелэлттэй байна.
 

Тухайлбал жилийн хэрэгцээт буудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62.6 хувийг дотоодынхоо ургацаас хангадаг болсон, 13 сая төл хүлээн авч бойжуулснаар малын тоо 36 сая хол давсан нь сүүлийн жилүүдэд гарч байгаагүй амжилт бөгөөд энэ жил 15 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй байгааг салбарын яам онцоллоо. Ноос, ноолуур, арьс шир, оёдол, сүү, сүүн бүтээгдэхүүн, ус, ундаа, өндөг, жимс, жимгэний үйлдвэрлэл жил дараалан өссөн бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид 288 тэрбум төгрөгийн зээл авч, 16 тэрбум гаруй төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн байна. Энэ бүхний цаана хэдэн арван мянган ажлын байр хадгалагдан, олон тооны үйлдвэр, үйлчилгээ, цех шинээр ашиглалтад орсон гэсэн үг юм.
“Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяны хүрээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Батлан хамгаалахын яам энэ сарын 25-ныг дуустал хуваарийн дагуу Д.Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион, өнгөрсөн 4 жилд хийсэн ажлаа иргэдэд тайлагнаж, санал, бодлыг сонсон зөвлөгөө өгч, төрийн зарим үйлчилгээг нэг цэгээс хүргэнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш