Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссефф өнгөрсөн үеийн дарангуйлагчдын хүний эрхийг зөрчиж байсныг олж тогтоох “Үнэн зөвийн хороо” байгуулагдаж байгаад сэтгэл догдлон нулимс дуслуулсан байна. Ерөнхийлөгч асан Лула Да Силва болон Фернандо Хенрик Кардосо нар Ерөнхийлөгч Дилматай хамтарч ажиллахаар болжээ. Одоогийн Ерөнхийлөгч, улс төрийн хоригдол байсан Дилма Руссефф “Бразил улс үнэн мөнийг тогтоох ёстой. Бид ирээдүй хойч үедээ үнэнийг хэлж үлдээх ёстой. Улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж найз нөхөд, хамаатан саднаа алдсан тэр хүмүүс мөн одоо үнэнийг мэдэх эрхтэй” гэжээ. Уг хороо хэн нэгнийг шүүн хэлэлцэж, хариуцлага тооцохгүй гэнэ. Учир нь тухайн үед улс орны цагийн байдал эгзэгтэй байсан гэж үзэн 1979 онд буруутай зүйл хийсэн дарангуйлагч удирдагчдыг өршөөх уучлах хууль гаргасан. Гэхдээ улс оронд дарангуйллын нийгэм тогтоож, хүмүүсийг олноор нь хэлмэгдүүлж байсан хүмүүсийн нэрсийг олонд ил болгох юм байна. Одоогоор нийгэм хуваагдаад байна. Зарим хэсэг нь өнгөрснийг дахин сөхөх хэрэггүй. Тухайн үед цэргийн дэглэм тогтож байж коммунизмын аюулаас улс орныг аварсан гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь болсон явдлыг ил болгох хэрэгтэй. Олон хүн цэргийн дэглэмийн үед хэлмэгдсэн гэж үзэж байгаа юм. Гэхдээ хорооны гишүүдийн ярьж байгаагаар 1964-1985 онд тогтож байсан Хунтын дэглэмийн үеийн зэвсэгт бүлэглүүдийн үйлдсэн харгислал хүчирхийллийг л ил болгоно. Тэрнээс хэн нэгнийг онцлохгүй гэж мэдэгдсэн байна. Гэхдээ зарим гавьандаа гарсан цэргийн албан хаагчид тухайн үеийн дэглэмийг эсэргүүцэж тэмцэж байсан зүүний Марксист үзэлтэй партизануудын үйлдсэн хүчирхийллийг мөн ил болгох хэрэгтэй гэж үзэж байна. 1960-аад онд Куба болон Латин Америкийн орнуудад Марксист үзэл санаа дэлгэрч эхэлсэн тэр үер коммунист аюулаас сэргийлсэн цэргийнхэн төрийн эргэлт хийж 1964 онд ардчилсан сонгуулиар сонгогдсон зүүний чиг баримжаатай засгийн газрыг унагасан юм. Түүнээс хойш 15 жил цэргийн дэглэм тогтсон. 1985 онд буюу коммунизмын аюул арилсны дараа цэргийн засгийн газар хүний эрх чөлөөг дээдлэх болж, улс төрийн хоригдлуудыг сулласнаар эргэн ардчилсан орон болох зам нь нээгдсэн юм.
Shuum.mn
Shuum.mn