logo

"Онги гол" хөдөлгөөний гишүүнийг санаатайгаар гэмтээсэн үү?

2012/05/19

2009 оны есдүгээр сарын хоёронд Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын тосгонд Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн “Пураам”, “Сентерра гоулд” компанийн техник руу олон удаа буудсан. Энэхүү явддаас болж тэднийг Эрүүгийн хуулийн 153.2 дугаар зүйлд зааснаар буюу бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үндэслэлээр буруутгаж байлаа. Энэхүү хэргийг шүүх хурал Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 2011 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр болох байсан ч шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцаах шийдвэр гаргасан юм.
Тодруулбал, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, гишүүн н.Төмөрбаатар “Онги гол” хөдөлгөөний гишүүн н.Отгонбаатар, С.Самбуу-Ёндон, “Хүдэр гол” хөдөлгөөний гишүүн н.Баяраа нарыг шүүх байсан. Бусдын эд хөрөнгөнд халдсан энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч өчигдөр буюу энэ сарын 17-ны өдрийн 09.30 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхлэх ёстой байсан.

Гэвч өмгөөлөгч н Дашдэмбэрэл шүүх хуралд ирээгүй, мөн шүүгдэгчдийн нэг болох н.Төмөрбаатар яаралтай мэс засалд орох болсон тул хурлын товыг зургаадугаар сарын долоон хүртэл буюу 14 хоногоор хойшлуулсан байна. Харин яаралтай мэс засалд орохоор болсон н.Төмөрбаатарыг шүүх хурал болохын өмнөх шөнө буюу тавдугаар сарын 16-17нд шилжих шөнө гэррүүгээ харих замд нь үл таних этгээд хэвлийн тус газар нь хутгалсан байна. Түүнийг нэн даруй ГССЗҮТ-д хүргэж, мэс засал хийсэн бөгөөд одоогоор ухаан ороогүй, биеийн байдал хүнд байгаа аж.

Үүнийг захиалгат үйлдэл байж болзошгүй гэж үзэж байгаа гэдгээ Гол нууруудын хөдөлгөөний зүгээс хэлсэн юм. Энэ талаар “Онгигол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяраас тодруулахад “Одоогоор ямар нэгэн мэдээлэл өгмөөргүй байна. Гэхдээ энэ хэрэг шүүх хурал болохын өмнө гарсан нь асуудал дагуулж байна. Цаг нь ирэхээр цагдаагийн байгууллага шалгаад хэрэгтнийг барихаар энэ бүхний учир нь тайлагдах байх” гэсэн юм. 

Эх сурвалж: "Улаанбаатар таймс"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш