logo
Бизнес санаа /Шог өгүүллэг/

Бизнес санаа /Шог өгүүллэг/

2012/05/19
Амьдрахын тулд хүн юм юмыг л сэтгэнэ шүү дээ. Хөл толгойгоо алдсан зах зээлийн замбараагүйтлийн эхэн үеэс хүн болгон гэдсээ тэжээх гэж элдэв зүйлийн бизнес санааг өдөр шөнөгүй тархиа гашилган бодож эхэлсэн. Ажил пар цалин пар... Амьдралаа пар болгохгүйн тулд өвөө эмээгээс уламжилж ирсэн шаргал өнгөтэй л юм байвал хар зах руу бариад санжигнадаг сан.

Аль ч төрийн үед алтны өнгө хувираагүй болохоор худалдаа наймаа хийх хэдэн цаас цуглууллаа. Миний хамгийн анхны  бизнес санаа бол гутлын хар тос байлаа. Хэвлэлийн хар тосыг модны лактай хольж байгаад гутлын тос хийх мэргэн санаа төрж, бас нэг мэргэн санаа хайсан нөхөртэй  хамжиж, гутлын тосны хуванцар хайрцаг хийлгэв. Таглаан дээр нь оросоор гутлын тосны нэр биччихлээ. Өдөрт хэдэн зуугаар нь сард хэдэн мянгаар нь үйлдвэрлээд улс орныхоо гутлын тосны хэрэгцээг мянган хувь давуулан биелүүлэв.

Сүүлдээ “хулхи” нь мэдэгдээд шороо тоос амархан наалддаг гээд борлогдохоо болив. Тэгэнгүүт өөрийг сэтгэв. Ачааны том машины гадуур зузаан бүрээсийг шатаагаад олифтэй хольж шинэ тос хийлээ. Хатах чанарыг нь сайжруулахын тулд гутлын цавуутай хутгав. Гэвч зах зээлд нэгэнт алдсан нэр төрийг дахин сэргээхэд маш бэрхтэй байв. Цаг алдахгүйн тулд өөр мэргэн санаа шүдний оо хийх санаа төрөв. Угаалгын хуурай нунтагыг вазелинтай холиод дээр нь жаахан үнэртэн нэмэв. Дэнжийн мянгын зах дээр бөөнөдсөн чинь алалцаад авлаа. Ооны сав ч гэсэн хэлбэр хийцийн хувьд сайжирсан сэтгээ байлаа. Орос ах нарыгаа шүтэн биширдэг ард түмнийхээ хайрыг далимдуулан оросоор нэг сайхан цэцгийн нэр өгөөд хажууд нь “зубная паста” гээд гэж бичээд уудам орос орны нэг том хотын нэрийг хавчуулна.

Зайлуул, тэр үед шүдээ угаах оо байтугай шүдний сойз олддоггүй цаг байсан тул хятадууд шиг шар шүдтэй байх дургүй үндэсний онцлогоо дагаад наймаа маань зад дийлж байлаа. Мань сэтгээчин ч өөрөө гоо сайхнаар занималдах санаатай. Шархны цагаан тосыг халгайн шүүсийг шахаж авч хутгаад арьс арчилдаг тос гээд залсан чинь шороо тоостой байнга хутгалддаг манай орны уур амьсгалд таарч, нэг хэсэг вазелины хитийг тэргүүлэв. Шампуунь хийхийн тулд жимсний шүүсийг угаалгын нунтагтай холиод болоо. Захын шороо тоос болсон үс толгойгоо олон ч хүн угааж, хир буртагнаасаа салсан.

Угаалгын нунтаг ч хийж  үзсэн. Техникийн содыг шохойтой холиод балласаан балласан. Тос будгыг арилгах хирнээ хамаг хувцсыг цагааруулж хаяад. Гудамжаар нэг цагаан толбо болсон хувцастай хүмүүс. Инээдээ барьж яддаг сан. Эхнэр маань хүртэл мэдэхгүй зах дээрээс уг нунтагыг худалдаж аваад цайны ганц гонжоомыг минь угаагаад будаа болгочихож билээ. Гэхэдээ гаднаас ижил нэрийн бараанууд олноор орж ирэх болсоноос хойш миний чанаргүй бүтээгдэхүүнүүд зах зээлээс шахагдлаа. Амьд хүн аргатай.

Хүнс рүү сэтгээгээ шидлээ. Хиам хийж нэг хэсэг үзэв. Нарийн гэдсээр хальсыг нь хийж, мах яах вэ хямдхан бухын мах авч хэмх болгоод өөрийн зохиосон янз бүрийн бодистой нийлүүлж нэг юм хийнэ. Задь мадины оронд хонины толгойны тархийг үхэр гоньдтой холиод баллаж өгсөн. Томхон хүнсний үйлдвэрүүдийн нэрийн бараа боов боорцогыг бол ёстой нэг хийж өгсөн дөө. Сав баглаа, хайрцаг уутыг бол яг хуулна шүү дээ. Яваандаа хүнсний аюулгүй байдлын улмаас шалгалт хяналт үлэмж нэмэгдсэн тул “Эрээн”-ээр эргүй төлөгдлөө. Хятадын вафле жигнэмэгийг бөөнөөр нь авчирч, төмрийн хөрөөгөөр таараад орос вафле болгож адилхан цаасанд боогоод бөөнөдсөн чинь худалдаж авсан анхны үнээ хэд дахин нугалав.

Үйлдвэрлэлийг бол хаа сайгүй гэр орондоо ч байрныхаа подвал дор ч нэг өрөө янзлаад явуулна. Задалж хаясан хятад вафлийн эрээн цаасыг шуудай шуудайгаар нь орцны дэргэдэх хогийн бункерт хийхэд хог ухагчид сэрээ төмрөөрөө ухаж, хаврын шороон салхитай өдөр онгорхой орхисон хаалгаар салхинд үлээгдсэн цааснууд манай хорооллоор нэг хөлбөрдөг байлаа. Салхинд эргэлдэн хийсэх эрээн цаасны тоогоор мөнгө халаасанд минь орж ирэх тул ажлын минь үр дүн гэж бахархах боловч бизнесийн нууцандаа санаа тавьж бункерын хаалгыг сайн дураараа “дааж” цоож цуургыг нь бөхөлнө. Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор гэдэг шиг байшин барилгын хаяа, гудамж талбайгаар тарсан тэр их эрээн цаасыг мэдэхгүй нь “Энд нэг айл найр хийжээ” гэж бодохоор байдаг сан. Дотоодын чихрийн цаасыг солиод орос чихрийн цаасанд ороож нэг хэсэг бөөндсөн.

Манайхан чинь гаднах өнгийг нь харахаас доторхийг нь үнэлдэггүй сонин хүмүүс шүү дээ. Гоё цаастай чихэр гээд шуурчихна. Тонн тонноор нь машин машинаар нь контейнер контейнерээр зарсан сэтгээний наймаанд маань хятадын хатсан үзэм хүндтэй байрыг эзэлнэ. Тонн тонноор нь оруулж ирээд ваннтай усанд дэвтээж байгаад “хусахад” тонн үзэм маань дэвтээд усан хаван гүйж, томорч хүндрээд хэд дахин үнээ нугална. Усан жингийн ачаар овоо л юм зулгаасан...

Анх дөнгөж зах зээл эхэлж байхад Дэнжийн мянгын хар зах дээр ам нь цангасан хүмүүс урд талд нь байдаг булгын хүйтэн усыг бидон бидоноор нь авчраад зарахад булаацалдаад уух нь халаггүй. Мэдээж жаахан сэтгээ хийгээд чихрийн будаг элсэн чихэртэй холиход үнэ нь нэмэгддэг байлаа. Сүүлчийн орос дэлгүүрийн агуулахын үлдэгдэл зуун килограмм хатсан хар чавгыг компот болгон зарж нилээн хөлжсөн дөө. Дөчин литр хүйтэн усанд халуун усанд чанасан атга хар чавгыг элсэн чихэртэй холиод  зуны халуун наранд хар зах дээр хөлсөө цувруулсан наймаачдын дунд зарахад булаацалдаад дуусана.

Зах зээл өргөжөөд ирэх үед ундааны үйлдвэрлэл явуулсан. Хан боргоцойн шилэнд нимбэгний ундаа савласан байхад нээрээ сайхан хан боргоцой байна гээд нэрэлхэхгүй авна шүү дээ. Манайхан нэг тийм хайхрамжгүй назгай хүмүүс шүү дээ. Харин нэг “ухаантан” нь мэдчихвэл нийтээрээ гэнэт “сэрээд” ам амандаа “жор жор” гэх улс. Цаг хугацаа өнгөрөх тусам бизнес сэтгэлгээ улам лавширч, алхам бүртээ “ШБОС” нүдээр аливаа юмыг харж явна. Алдсан оносон энэ бүхэн амьдралын туршлага, амьдрах ухааны нэг үзүүлэлт. Хүн зүгээр суухгүй сэтгэж бодож санаачилж, хөдөлж хийж, тэмүүлж амьдардагаараа адгууснаас  ялгаатай. Тэгдэгийнхээ хүчинд өдий зэрэгтэй яваа шүү дээ. Тэгэхдээ би буруугүй. Энэ амьдарч байгаа нийгэм буруутай.

Даваажавын Эрдэнэмөнх 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш