logo
Женнифер Лопес: Хүүхдүүд гэдэг хүмүүсийг холбодог хамгийн том хэлхээс шүүдээ

Женнифер Лопес: Хүүхдүүд гэдэг хүмүүсийг холбодог хамгийн том хэлхээс шүүдээ

2012/05/19
Гурав дахиа сална гэдэг зарим хүний хувьд дэндүү эмзэг, харин заримынх нь хувьд энгийн зуршил болчихдог. Тэгвэл Женнифер Лопесийн хувьд гурав дахиа салсан нь бахархал ажээ. Хоёр ихрийнхээ эцэг, долоон жил хамтдаа амьдарсан Марк Энтонигоос 42 насандаа салчихаж чадсан юм. Урьд нь Женнифер Лопес энгийн зөөгч залуу Ожани Ноа болон бүжигчин эр Крис Жаддтай гэрлэснээс гадна дуучин Пафф Дэдди, жүжигчин Бен Аффлек нартай сүй тавьж байлаа. Харин Марк Энтони “Хүн төрөлхтний гоо бүсгүй”-н уралдааны ялагч Дайана Торресоосоо салаад өөртэй нь гэрлэхээр зориглоход Лопес тун баяртай хүлээн авсан. Гэвч ихэр хүүхдээ төрүүлсний дараагаар “Гэр бүлийн амьдрал гэдэг амаргүй...” гэх утгатай ярилцлага өгч, эцэстээ салах болсноо зарласан юм. Марк Энтони салах тухай өргөдлөө шийдвэр гаргаснаасаа хойш найман сарын дараа шүүхэд өгсөн нь эцсээ хүртэл найдсаар л байсан хэрэг.
- Женнифер, хэдийгээр Марк Энтони та хоёр салж буй ч гэсэн шоундаа хамтдаа ажилласан хэвээрээ байна. Та хоёр өдий хүртэл яаж хамтран ажиллаж, харилцаагаа хэвийн хэмжээнд авч явж чадаад байна вэ?
-Марк бид хоёр гэрлэхээсээ ч олон жилийн өмнө найз нөхөд байсан. Хамтдаа ажиллаад сурчихсан юм. Тэгээд ч миний шоуны найруулгыг Марк бичсэн. Тэгэхээр бид хамтдаа ажиллах л ёстой. Бид хоёр ажил хэргийн тал дээр нэг нэгнээ гүнээ хүндэтгэдэг. Ажил маань сайн байхад түүнийг үгүйсгэж, эвдэхийн хэрэг юу байна вэ? Тэгвэл тэнэг явдал болно шүү дээ. Тэгээд ч бид хоёр ихэр хүүхэдтэй хүмүүс. Тиймээс хүссэн, хүсээгүй Марк миний амьдралаас хаашаа ч явахгүй. Заримдаа нэг нэгэнтэйгээ ярилцахаас дургүй хүрдэг үе бий. Гэхдээ хэсэгтээ тэгж байгаад л хэн нэг нь эхэлж тэрхүү мөсийг хайлуулж, ажлаа ахиулж эхэлдэг дээ. Хүүхдүүд гэдэг хүмүүсийг холбодог хамгийн том хэлхээс шүү дээ.
- Тэгвэл Марк та хоёр хэрхэн эв найртай салж, найз чигээрээ үлдэх тухай ном бичмээр юм биш үү?
-Тийм ээ, би энэ явдлыг энгийнээр хүлээн авч чадсан. Бид хоёр хичнээн их муудалцаж, зөрчилдсөн ч гэсэн эцэг эх, хамтран ажиллагсад хэвээрээ л үлдэнэ. Бид хоёр хамтдаа ажиллахдаа амжилт олдог. Тэгээд ч энэ нь манай хүүхдүүдэд ч хэрэгтэй гэдгийг ойлгодог. Хүүхдүүд маань эцэг эхээсээ хол, хэн хэнээсээ худал хуурмаг мэдээлэл сонсож, нэг нэгнээ муулж буйг дуулахгүй өснө гэдэг сайн хэрэг. Хамтдаа амьдрах бол өөр хэрэг. Хамтдаа байх тусмаа өөрийгөө алдаж, улам л зөрчил рүү яваад буйгаа ойлгоод эхэлдэг юм билээ. Би өөртөө дэндүү хайртай хүн байж магадгүй юм. Болохгүй бүтэхгүй нь тодорхой байгаа зүйлийг барьж тогтоохыг хүсдэггүй. Харин ч гурав дахиа гэр бүлээсээ салж чадснаараа би бахархдаг. Надад амар байгаагүй. Гэхдээ амьдрал хүнд байдалд гарцаагүй шийдвэр гаргахыг шаарддаг. Би хийсэн зүйлдээ эргэж харамсдаггүй. Учир нь хүссэн алхмаа л хийдэг. Тэгээд ч Гвадалупед амьдарч буй ээж минь салсныг дуулаад дэмжсэн. Би ээждээ их итгэдэг. Ээж минь багш хүн болохоор алдаж хэлнэ гэж бараг үгүй.
- Та хоёрын салах болсон шалтгааны талаар олон янзаар бичдэг. Зарим нь Марк Энтони өөр бүсгүйтэй явалдсан гэдэг. Зарим нь болохоор таныг жүжигчин Уильям Левитэй учир ургуулсан ч гэдэг юм билээ...
-Ийм асуултууд намайг үнэхээр залхааж байна аа! Тиймээс та бүхэн бидний салалтад хэн нэгэн гуравдагч этгээд огт оролцоогүй гэдгийг мэдэх хэрэгтэй.
- Марк салах өргөдлөөөгөлгүй дөрөвдүгээр сар хүртэл удаашруулсныг бодоход тийм ч байж магадгүй юм. Тэгээд ч дэлхийн хамгийн дур өдөөм бүсгүйгээс сална гэдэг харамсалтай байдаг биз. Женнифер, та яаж үргэлж ийм үзэсгэлэнтэй байж чаддаг юм бэ. Гоо сайхандаа их цаг, хүч хөдөлмөр зарцуулдаг уу?
-Би залуудаа ч үргэлж бие галбиртаа анхаарал тавьдаг байлаа. Харин одоо нас ахиад, хүүхдүүдээ өсгөөд эхлэхээр цаг хугацаа бага гарах юм. Миний үзэл бодол, тэмүүлэл ч өөрчлөгдсөн. Гэхдээ л би урьдын адил бүжгээр хичээллэж, бие галбираа чадах чинээгээрээ сайхан байлгахыг хүсдэг. Өдөржин ширээний ард суулгүй, гадуур гүйж, бэлтгэл хийх ёстой ажил хийдэг нь миний аз. Би долоо хоногтоо 3-4 удаа заавал гимнастикаар хичээллэдэг. Гимнастик их эрх хүч шаарддаг. Миний насны эмэгтэйчүүд таргалах дуртай болчихдог. Мөн хоёр хүүхдийн эх хүний хувьд байнга залуу бүсгүй шиг байх төвөгтэй. Тиймээс биеэ жаахан анзаарахгүй л бол таргалчих гээд байдаг юм. Өдөр бүр өөрийгөө зовоож, бие галбиртаа анхаарахгүй  бол болдоггүй. Хамгийн гол нь би өөрөө эрүүл байх ёстой.
- Та зөвхөн дуучин биш бас бүжигчин, жүжигчин. Ойрд бүр загвар зохион бүтээгч хийх боллоо. Таныг үеийнхээ загварыг тодорхойлогч гэж нэрлэх болжээ....
-Би бүр багаасаа л сайхан хувцаслахыг хүсдэг байсан. Янз бүрийн даашинз өмсөхдөө хуучин арьсаа тайлаад шинэ арьс нөмөрчихсөн юм шиг сэтгэгдэл төрдөг байлаа. Тэгэхээр энэ миний багаас л зуршсан зүйл.
- Таныг дэлхийн хамгийн сайхан эмэгтэйгээр нэрлэхэд юу мэдэрсэн бэ?
-Нэг л хачин санагдсан. Мэдээж, ийм мэдээг сонсох сайхан л даа, гэхдээ итгэхэд хэцүү байсан. Дэлхий дээр гайхалтай сайхан бүсгүйчүүд дүүрэн шүү дээ.
- Таныг бүжигчин залуу Каспер Смарттай найзалж буйг дэлхий даяараа л мэднэ. Гэр бүлээсээ салсны дараах хүнд үед тань дэм болж, одоо бүр нууцаар гэрлэх хэмжээнд тулсан гэж бичих боллоо. Таныг хуримын даашинзаа хүртэл захиалсан гэх юм...
-Бид чинь насанд хүрсэн хүмүүс болохоор том хүн шиг амьдарна шүү дээ. Гэхдээ цуу яриа үргэлж үйл явдлаас урьтаж нисэх юм.
-Гэхдээ л та Смартад 25 насных нь төрсөн өдрөөр мөрөөдлийнх нь машиныг бэлэглэсэн. Ийм үнэтэй бэлгийг зүгээр өгчихдөггүй шүү дээ. Мөн таныг сар бүр Касперт 10 мянган ам.доллар өгдөг. Энэ мөнгөөр Каспер тантай хамт явахдаа рестораны төлбөрийг төлдөг гэх мэтээр яригдах юм. Мөн та хоёрын 18 насны зөрүүч гол сэдэв болоод байгаа. Харин таны хувьд энэ бүхэн ямар санагддаг вэ?
-Би энэ талаар бодоод явдаггүй. Надад тэр цуу яриа ямар ч хамаагүй. Бусдын яриа, зөвлөгөөг сонсох гэмгүй л дээ. Гэхдээ хамгийн сайн зөвлөгч бол хүн өөрөө л байдаг. Харин тэр насны зөрүүг бол би мэдэрдэг ч үгүй.
- Та харилцаанаасаа хүндрэлтэй асуудал олж хардаггүй юм байна. Тэгээд ч Каспер их романтик залуу шиг билээ. “Бидний зүрх сэтгэлд хязгаар гэж үгүй, бидний сэтгэл мөхөшгүй, унтаршгүй. Нас гэдэг бол энэ дэлхийд ирсэн цаг болон үлдсэн цагийг л сануулахын тулд заяагдсан эд. Тиймээс чихээ таглаад, зүрхээ сонсоцгоо. Хайрлан дурлаж, аз жаргалтай амьдарцгаая!” гэж Каспер өөрийнхөө блогт бичсэн байна билээ. Та энэ үгсийг нь ихэд таалж, өөрийнхөө фэйсбүүктээ хүртэл хуулж тавьсан байсан. Та хоёрын харилцаанд ямар нэгэн асуудал байдаг уу?
-Асуудал гэвэл Марк л байна. Тэр Касперийг хүүхдүүдтэйгээ уулзуулах дургүй байдаг. Хүүхдүүдийг минь түүнтэй хамт машинд суухыг ч хориглодог.
- Марк Энтони өөрөө Венесуэлийн загвар өмсөгч Шеннон Ди Лиматай амрагийн харилцаатай болсон гэж дуулсан. Бүр фэйсбүүктээ “Шэннон, чи бол миний эрх чөлөөний гэрэлт хөшөө. Чамайгаа үнсэе” гэж хүртэл бичсэн байна билээ. Танд үүнийг дуулахад ямар санагдаж байна вэ?
-Ойлгомжтой л зүйл юм биш үү дээ? Хайр сэтгэл бүхнийг ялна гэсэн л байна. Би ч энэ л уриаг мөрдөж амьдардаг. Тиймээс Марк болон бусад бүх хүний хайр сэтгэлд амжилт, аз жаргал хүсье.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш