Олон улсын үйлдвэрчний эвлэлийн гаргасан судалгаагаар дэлхий дахинд 15-24 насны залуусын дунд ажилгүйдлийн үзүүлэлт нэмэгджээ. Энэ оны эхний улиралд тэдгээр насны залуусын ажилгүйдлийн түвшин дэлхий дахинд 75 сая залуус буюу 12.7 хувьд хүрсэн байна. Өнгөрсөн онд 12.6 хувьтай байжээ. Харин 2009 онд дэлхийн банк санхүүгийн хямралаас дөнгөж гарч байхад 75.4 сая залуус ажилгүй байсан аж. Олон улсын үйлдвэрчний эвлэлийнхний тайлбарласнаар 2016 онд залуусын дунд ажилгүйдлийн түвшин түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлтэд хүрэх гэнэ. Бүс нутгаар авч үзвэл Хойд Африкт энэ оны эхний улирлаар 15-24 насны залуусын ажилгүйдлийн түвшин 27.9 хувьд хүрчээ. Энэхүү үзүүлэлт 2010 онд 22.9 хувь байсан аж. Ойрхи-Дорнодод одоо 26.5 хувьтай байна. Харин баруун өмнөд Европт 17.6, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад 14.3 хувьтай бол Африкийн Сахарын элсэн цөлийн улсуудад 11.5, Зүүн өмнөд Ази, Номхон далайн орнуудад 13.5 хувьтай байна. Төв болон баруун Азид 16.3 хувьтай байгаа аж. Олон улсын байгууллагын судалгаанаас үзвэл дэлхий дахинд 15-24 насны эмэгтэйчүүдийн дунд ажилгүйдлийн түвшин нэмэгджээ.