Тулаантай киноны нэрт мастер, инээдмийн жүжигчин Жеки Чан дахин тулаантай кинонд тоглохгүй гэдгээ мэдэгджээ. Францын Канн хотод болж буй кино наадмын үеэр Жеки Чан “Тулаантай кинонд тоглоход би арай хөгшдөж байна. Түүнээс гадна дэлхий ертөнцөд хүчирхийлэл улам газар авч байгаа учраас дахин ийм төрлийн кинонд тоглохгүй” хэмээн мэдэгджээ. Түүнээс яагаад ийм шийдвэр гаргасныг нь асуухад Жеки Чан “Бие дийлэхээ больж, ядарч байна” гэжээ. Жеки Чан Каннын кино наадамд “Хятад зурхай” хэмээх бүтээлээрээ оролцож байгаа бөгөөд энэ нь түүний тулааны төрлийн сүүлчийн кино гэнэ. Гэвч энэ нь Жеки Чан дахин кинонд тоглохгүй гэсэн үг биш аж. Тэрбээр “Би зөвхөн тулааны урлагийн баатарт тоглодог жүжигчин байхыг хүсэхгүй байна. Хүмүүс намайг инээдмийн жүжигчин гэж боддог. Гэвч би жинхэнэ жүжигчин болохоо харуулмаар байна. Өдөр ирэх тусам, жил өнгөрөх бүр би Жеки Чан жинхэнээсээ хэн бэ гэдгийг харуулах болно” гэжээ.