МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлдээ, “Миний бие сайжирч байна. Өргөсөн тангарагтаа үнэнч эмч нар маань эмчилгээг сайн хийхийн тулд үнэн сэтгэлээсээ хичээн мэрийж байна. Юуны түрүүнд тэд нартаа талархал илэрхийлье. Гэхдээ миний биеийн эрүүл мэнд хараахан бүрэн сэргээгүй байна, эхний шатны шингэн уух, дусал тариулах зэргээр шингэний алдагдлыг нөхөх эмчилгээ хийгдэж, хоолонд ч ороогүй байна. Нийтдээ хоол идээгүй 20 орчим хоножээ. Гэхдээ одоо би дарга нарынхаа даалгаврыг биелүүлэх нэрээр хууль зөрчдөг хууль хяналтын байгууллагынхны гарт биш, бурхан эмч нарын гарт байгаа болохоор тодорхой цаг хугацааны дараа миний бие эрүүл болно гэдэгт эргэлзэхгүй байна. МАН-АН-ын толгойд гарсан олигархууд ил, далд үгсэн хуйвалдаж, намайг хууль бусаар цагдан хорьж, хууль зөрчсөн удаа дараагийн үйлдлээрээ миний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, тэр битгий хэл эрүүл мэнд, амь насанд бодитой аюул занал учруулсныг нийт түмэн олон маань нүдээрээ харж, чихээрээ сонсож, сэтгэлээрээ шаналж, ухаанаараа тунгааж, гүн гүнзгий ойлгож мэдсэн билээ. Уг нь би хуурай өлсгөлөн зарлахдаа үхэхийн төлөө биш, харин амьд явахын төлөө, хүний эрх, эрх чөлөөг Монгол Улсад хүндэтгэдэг байхын төлөө, шударга ёсыг тогтоохын төлөө, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалахын төлөө, нийт Монголын ард түмнийхээ эрх ашгийг дээдэлдэг байхын төлөө тэмцсэн юм. Гэхдээ энэ бүхний төлөө амь насаа өгөх шаардлагатай бол өгөхөд ч бэлэн байсан. Цагдан хоригдож байх өдрүүдэд эрх баригчид болон тэдний гар хөл бологсод намайг ямар ч хамаагүй аргаар сонгуульд оролцуулахгүй байх, ингэхийн тулд аль болох удаан хугацаагаар нийгмээс бүр мөсөн тусгаарлах, ял тулган оноох, тэрч байтугай шууд утгаараа миний эрүүл мэнд амь насанд хор хохирол учруулахыг санаархсан юм. Тэднээс надад сонгуульд оролгүй нэрээ тат, эс тэгвээс ямар ч буруу зүйл хийгээгүй байсан ч хараат шүүхээрээ ял өгүүлэхдээ л өгүүлнэ гэсэн “мессэж”-ийг ил далд арга, хэлбэрээр нэг бус удаа өгч, айлган сүрдүүлсэн. Миний сонссоноор сүүлийн үед эрх баригчдын даалгавраар тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагынхан миний тухай муу муухай материал зогсоо зайгүй цацаж байгаа юм байна. Уг нь хууль хяналтын байгууллагынхан дотоод ажлын хэрэгцээндээ авсан бичлэгийнхээ нэг л хэсгийг зөвхөн нэг талын ашиг сонирхолд үйлчлэх зорилгоор, өрөөсгөл тайлбартайгаар олон нийтэд цацна гэдэг нь наанадаж ёс суртахуунгүй, цаанадаж хууль зөрчсөн үйл ажиллагаа юм. Хэрэв хийсэн бичлэгээ гаргах гээд байгаа юм бол бүх 31 хоногийн бичлэгүүдийг бүгдийг бүтнээр нь гаргах хэрэгтэй. Тэгвэл иргэд чухам юу болсоныг үнэн зөвөөр ойлгоно. Сүүлийн үед эрх баригчдын даалгавраар тарааж байгаа бичлэгээр би салаавч үзүүлж, уурлаж бухимдаж байгаа тухай гарч байгаа сурагтай. Тийм ээ, би салаавч үзүүлсэн. Гэхдээ мэдээжийн хэрэг ард түмэндээ, жирийн иргэддээ үзүүлээгүй. Хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө хийсэн энэхүү дотоод бичлэгээ тайрч танаж гаргахдаа санаатайгаар хүмүүст тиймэрхүү сэтгэгдэл төрүүлсэн бол ард түмнээсээ шуудхан уучлал гуйж байна. Би энэхүү салаавчаа хууль хяналтынхан нэртэй ч алхам бүртээ хууль, хүний эрх чөлдөөг зөрчдөг байгууллагынхан, тэдний дарга нар, “эзэд” эд үзүүлсэн юм. Ард түмнийхээ баялгийг өөрсдөө цөөхүүлээ хууль бусаар хуйвалдан авч идсэн өнөөгийн олигархи дэглэмд үзүүлсэн юм. Би цаашид ч шударга ёсыг тогтоохыг хүсэж буй бүх хүмүүстэй хамтран өнөөгийн эрх баригчдын дэмжин өөхшүүлж буй аливаа бусармаг явдлын эсрэг, нийт ард түмнийхээ эрх ашгийн төлөө, ардчиллыг сэргээхийн төлөө тууштай тэмцэх болно. Сайн үйлс дэлгэрэх болтугай” гэжээ.