logo
Сансрын анхны хувийн хөлгийг амжилттай хөөргөлөө

Сансрын анхны хувийн хөлгийг амжилттай хөөргөлөө

2012/05/23
Америкийн Канаверал хошуун дахь сансрын нисэх буудлаас сансрын анхны хувийн хөлөг болох "SpaceX" компанийн бүтээсэн "Dragon" аппаратыг амжилттай хөөргөлөө. Олон улсын сансрын станц /ОУСС/ руу туршилтын нислэг үйлдэх нисгэгчгүй хөлгийг АНУ-ын Зүүн эргийн цагаар 03 цаг 44 минутад хөөргөсөн байна. Уг хөлгийг "Фэлкон-9" зөөгч пуужингаар тойрог замд гаргажээ.
"Dragon" хөлгийг өнгөрсөн долоо бямба гарагт ОУСС руу хөөргөхөөр төлөвлөж байсан боловч пуужингийн доод угсрааны хөдөлгүүрүүдийн нэгэнд даралт нэмэгдсэний улмаас нислэгийг хойшлуулсан юм. Даралт нэмэгдсэний шалтгаан нь хавхлагад гэмтэл гарсантай холбоотой байсныг "SpaceX" компанийн мэргэжилтнүүд олж тогтоожээ. Тойрог замын станц руу нислэг үйлдэх сансрын анхны хувийн хөлгийг хоёрдугаар сарын 7-нд хөөргөхөөр төлөвлөж байсан юм. Гэвч станцтай холбогдох үйл явцыг хянах программ хангамжид нэмэлт тест явуулах зайлшгүй шаардлагатай байсан тул хойшлуулжээ.
"SpaceX" компани "Dragon" хөлгийг сансарт хөөргөснийхөө дараа ОУСС-аас 3,2 км хол зайд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ нь нисгэгчгүй аппаратны бүхээгийн мэдрэгч болон бусад тоног төхөөрөмжүүд найдвартай ажиллаж байгаа эсэхийг шалгах зорилготой гэнэ. Үүний дараа хөлөг автомат удирдлагаар станцад дөхөж очих бөгөөд станцын багийн гишүүд манипуляторын тусламжтайгаар хөлгийг станцтай залгана.
"Dragon" хөлөг ОУСС-аас салсныхаа дараа Калифорни муж улсын эрэг хавийн ойролцоох Номхон далайн усанд бууна.
Уг хөлөг хүнсний бүтээгдэхүүн, туршилт явуулахад ашиглах материал, тоног төхөөрөмж зэрэг 521 кг жинтэй ачааг тойрог замын станцад хүргэх ёстой. Хөлгийн гүйцэтгэх хамгийн чухал ажиллагаа бол ОУСС-аас 660 орчим кг жинтэй ачааг дэлхийд буцаан авчрах юм.
Д.Жаргал 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш