logo
Жүдочид таван медальтай ирлээ

Жүдочид таван медальтай ирлээ

2012/05/23
БНСУ-ын Гочан хотноо өнгөрөгч долоо хоногт болсон жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын тамирчид нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн байна. Түүнчлэн багийн тэмцээнд эмэгтэйчүүд мөнгө, эрэгтэйчүүд хүрэл медалийн эзэд болжээ. Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч С.Хүрэлбаатар, Ж.Ганболд, холбооны Гүйцэтгэх захирал М.Бөхбат нараар ахлуулсан жүдочид Зүүн Азийн аваргад бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсоноос эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Нарантогтох мөнгө, 60 кг-ын жинд Д.Баярмагнай, 81 кг-д Х.Цогтгэрэл, 90 кг-д Б.Жанчивдорж, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Цэрэнханд нар хүрэл медаль хүртлээ. Мөн тэмцээний үеэр олон улсын шүүгчийн шалгалт өгсөн Б.Ганболд, И.Отгонбаяр нар тэнцэж, олон улсын В зэрэглэлийн шүүгч болжээ. Сонирхуулахад, тус тэмцээнийг хамгийн анх 2007 онд Улаанбаатар хотноо зохион байгуулж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Монголын жүдочдоос дэлхийн аварга Х.Цагаанбаатар ганцаар алтан медаль хүртсэн байдаг аж. Харин 2014 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улс дахин нутагтаа зохион байгуулахаар болжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш