МАХН-ын дарга Н.Энхбаярын хуулийн байгууллагынхан руу салаавч гаргасан бичлэг олны анхаарлыг татаад байгаа. Түүнийг өмөөрөх хүн байх ч төрийн тэргүүн байсан хүн бүдүүлэг аашиллаа хэмээн буруутгах хүн олон байв. Нэг ёсны уг бичлэгээс болж, нийгэм хоёр талцаад байна. Харин түүний эхнэр О.Цолмон телевизийн шууд утсаар холбогдон “Тэр салаавч гаргасан хүн манай нөхөр биш. Би Н.Энхбаяртай олон жил ханилсан. Тийм авир гаргах хүн биш. Монтажласан бичлэг байж болно шүүдээ” хэмээн өмөөрсөн талаар мэдээлсэн байна. Мөн түүний дараахан Хүний их эмч Л.Жамбалжав “Хүн ер нь өлсөхөөрөө ууртай, түрэмгий болох нь бий. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд хуурай өлсгөлөн зарлаад дөрөв хоночихсон. Би организмын хувьд ихээхэн цуцсан. Ус, хоол тэжээлийн хомсдолд орчихсон тэр үедээ дээрх үйлдлийг хийсэн юм шиг байна лээ. Хоол тэжээлийн хомсдолд орчихсон, сэтгэлийн хувьд гутарсан, цөхөрсөн байдалтай байгаа хүн рүү элдвийн хорон үг хэлж байгаад л тэр үйлдлийг хэлүүлсэн байх гэж би ойлгосон. Өндийх ч тэнхэлгүй байгаа хүн рүү“ Наадахыгаа яагаад байлгаад байгаа юм албадан эмчилгээ хийгээч, та өлсөж байгаа биз дээ хоол идэх үү? гэхчилэнгээр дайрч доромжлоод байхаар хүн арга барж цөхрөхдөөл тэгсэн байх” хэмээн тайлбарласан байдаг. Түүнчлэн уг бичлэгтэй холбоотойгоор МАХН-аас мэдэгдэл гаргаад буй. Уг мэдэгдэлд “Энэхүү улс төрийн захиалгат видео эвлүүлэг, урьдаар бэлтгэж найруулсан бичлэгээ баримт гэж нэрлэж байгаа бол дүрс бичлэгийн хальсанд байгаа бичлэгийн эх хувийг бүрэн эхээр нь олон нийтэд үзүүлэхийг шаардаж байна” хэмээн мэдэгдэл гаргаад байгаа юм. Түүний салаавч гаргасан бичлэг МАХН-ынхныг сандралд оруулаад байна. Анх бичлэгийн талаар Н.Энхбаяр сонсоод үзэхийг ихэд хүссэн ч гэрийнхэн нь үзүүлэхгүй байсан аж. Гэвч саяхан бичлэгийг үзээд ихэд хямарсан байна. Тэгээд “Миний алхам, үйлдэл, үг бүрийг бичиж байжээ” гэжээ. Мөн “ШШГЕГ-ын уг үйлдэл мөрдөн байцаалтын нууц задалсан увайгүй үйлдэл боллоо” хэмээн ихэд дургүйцсэн байна. Арав хоногийн турш хуурай өлсгөлөн зарласан түүний зүрх нь тэжээлийн хомсдолд орж, бие нь муу байгаа энэ үед уг бичлэг түүнийг улам хямраагаад авчээ. Түүнчлэн маргааш шүүх хурал нь болно тэрээр сэтгэл зүйн асар дарамтад ороод байгаа аж. МАН-ынхан УИХ-д нэр дэвшигчдээ тодруулах өдөр Н.Энхбаяр яллагдах уу, цагаадах уу гэдгээ шийдүүлэхээр шүүхийн танхимд зогсох нь. Юутай ч зарим эд эрхтэн нь эмчилгээ авахгүй, сэтгэлзүйн хувьд шүүх хурал, салаавч гаргасан бичлэг, сонгуульд өрсөлдөх үүгээд олон асуудал гарч ирсэн нь түүнийг ихээхэн хүнд байдалд оруулаад байгаа аж.