logo
Харийнхны халаасыг түнтийлгэх нь Монголын бодлого уу

Харийнхны халаасыг түнтийлгэх нь Монголын бодлого уу

2012/05/24
Манай улс гадаадын 120 орноос ажиллах хүч авах эрхтэй. Эдгээр ажилчдын ихэнх хувийг хятадын иргэд эзэлдэг байна. Энэ ч үүднээс хятад ажилчид хугацаандаа нутаг буцахгүй байх зөрчил гаргах нь олонтаа.

Гэтэл нийт хүн амынхаа гурван хувиас хэтрэхгүй тооны гадаадын ажиллах хүч авах квоттой. Одоогийн байдлаар манай улсад 30-аад мянган гадны иргэд хөдөлмөрлөж байна. Үүний 27 мянга 800 нь хятадаас ирсэн байгаа юм. Манай улсын бодлогоор нэг улсаас хүн амын нэгээс илүүгүй хувьтай тэнцэх тооны ажиллах хүч авдаг.

Тиймээс Засгийн газрын хуралдаанаар хятадаас ажиллах хүч авах квотын асуудлыг хэлэлцэх хүртэл БНХАУ-ын иргэдэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл, виз олгохыг зогсоосон. Гэвч өдөр бүр Эрээн-Улаанбаатар чиглэлийн вагоноор 200-600 хүн ирж байна. Энэ талаар Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын мэргэжилтэн А.Байгалмаагаас тодруулахад "Эдгээр иргэд нь тавдугаар сарын 1-нээс өмнө зөвшөөрөл авсан, эсвэл зарим аж ахуйн нэгжүүд ажиллах хүчээ урдаас авчирч байгаа тохиолдол юм. Мөн бүтээн байгуулалтын ажилд зориулж хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрээр олон тооны хятад ажилчин авах яриа байна" гэв.

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар нь улирал тутам гадаадын иргэдийн харьяаллыг шалгадаг. Энэ шалгалт бүрээр 50-100 хууль бусаар оршин суугч хятад иргэн баригддаг аж. Харин Үндэсний статистикийн газраас гаргасан Хүн ам, орон сууцны тооллогын дүнгээс харвал гадаадын харьяат иргэдийн тоо 16320 байдаг аж.

Энэ нь нийт хүн амын 0.6 хувийг эзэлдэг. Энэ мэтчилэн зөрүүтэй баримтууд нь манайд хэчнээн гадаадын иргэн, тэр тусмаа хятад иргэн ажиллаж байгааг мэдэх аргагүй. Сүүлийн арваад жилийн хугацаанд БНХАУ-аас манай улсыг зоригсод олширсон. Тухайлбал, 2000 онд албан мэдээгээр 3000 гаруй хятад иргэн бүртгэгдсэн бол 12 жилийн дараа энэ тоо арав дахин өсчээ. Хятадын монгол дахь хөрөнгө оруулагчдын "Хятадын бизнес худалдааны нийгэмлэг"-ийн барилга, барилгын материалын салбарын дарга Чэнь Жиэн Хуа "Улаанбаатарын газар сайгүй барилгажилт явагдаж байна. Барилгын салбарт ажиллаж байгаа дийлэнх хөрөнгө оруулагчид Хятадын бизнес эрхлэгчид юм. Мөн барилгын ажилчдын дийлэнх нь хятадаас оруулж ирсэн ажиллах хүчнүүд" гэж ярилаа.

Энэ жил Чойр-Сайншанд чиглэлийн 176, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто зам, "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд баригдах барилгын ажил, далд уурхай болон баяжуулах үйлдвэрийн суурь бүтэц, угсралт хийх зэрэг ажилд гадаадаас ажиллах хүч ажиллуулахаар тогтсон. Мэдээж үүний ихэнх хувийг хятадууд эзэлнэ.

ГАДААДЫН АЖИЛЧДАД "HG" ВИЗ ОЛГОДОГ

Гадаадаас авах ажиллах хүч болон мэргэжилтэнг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэхэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас зөвшөөрөл олгодог. Энэ утгаараа гадаадын иргэнд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх "HG" ангиллын виз олгодог аж. Тус зөвшөөрөл нь нэг жил хүртэл хугацаатай байх бөгөөд зөвшөөрлийн хугацааг байгууллагын хүсэлт, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний үр дүн, цаашид ажиллуулах болсон шалтгааныг судалж, шалгасны үндсэнд сунгаж болно.

"HG" ангилал нь "хөдөлмөрийн гэрээгээр" гэсэн утгатай ба Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах гадаадын иргэн, харьяалалгүй хүнд паспортны төрлийг үл харгалзан олгодог. Харин хятад ажилчдын дээрх визийг түр зогсоосноос, тэд жуулчны визээр ирж байна гэсэн мэдээлэл гарсан.

Энэ талаар Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын Хууль эрх зүйн ажилтан М.Энхбаяраас тодруулахад "Манай төв БНХАУ-ын Бээжин, Эрээн, Хөх хот дахь Консулын газраараа дамжуулж зохих ангиллын виз олгодог. Хятадын иргэдэд жуулчны виз олгодоггүй. Харин Бизнес ангиллын виз л олгодог. Одоо ирж байгаа хятадууд уул уурхай, дэд бүтцийн салбарт ажиллах хүмүүс. Засгийн газраас зөвшөөрсний дагуу тодорхой хэдэн компанийн хүрээнд ирж байгаа хууль ёсны ажилчид юм. Тэд Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас зөвшөөрөл авсан" гэлээ.

ХЯТАДУУД МАНАЙХ РУУ, МОНГОЛЧУУД ГАДААД РУУ

Манай улсын ажилгүй иргэдийн тоо 54 мянгад хүрч, өмнөх оны мөн үеэс 12.3 мянган хүнээр буюу 29.4 хувиар өссөн байгаа юм. Дээрх иргэдийн 60-аад хувь нь 16-34 насны залуучууд. Ялангуяа Увс, Орхон, Өмнөговь, Дорноговь, Дорнод, Дархан-Уул, Сүхбаатар аймагт дээрх үзүүлэлт улсын дунджаас дээгүүр байна.

Гэтэл өнөөдөр дэд бүтэц, уул уурхайн салбарт ажиллагсдын дийлэнх нь гадаадын иргэд. Тэр дундаа БНХАУ-ын иргэд зонхилж байна. Учир нь уул уурхайн компаниудад Хятад болоод бусад улсын хөрөнгө оруулалт ихэнх хувийг эзэлдэг. Тэдгээр нь цөөхөн хэдэн монголчуудыг ажиллуулахаас илүү хямд үнэтэй, хөдөлмөрийн бүтээмж сайтай хятад ажилчдыг олноор авч ажиллуулдаг байна.

Гэтэл эх нутагтаа суугаа 54 мянган монгол залуу ажилгүй байгааг статистик харуулсан. Тэд бэлэнчлэх сэтгэлгээндээ автан, хялбар аргаар мөнгө олохыг сэтгэнэ. Эсвэл гадаад руу явах мөрөөдөлд автан, Консулын газруудын үүд сахина. Жилд 5000 гаруй монгол залуус харийн нутагт боолын хөдөлмөр эрхлэхээр анкет бөглөн, дугаарлан зогсч байгаа юм. Харин энэ хооронд хятад ажилчид манайх руу шургасаар...

Мөн манай барилгын компаниуд улсдаа гологдсон, ажил мэргэжилгүй хятадуудыг тэжээн тэтгээд байгаа юм биш биз. Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг чадвар нь бялхсан хүмүүсийг шилж сонгон Монголд ажиллуулдаггүй нь лавтай.

Э.Энхцолмон 
Нийгмийн толь
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш