Засгийн газар ч, УИХ ч ялгаагүй үнэн үг хэлэх нь ховордсон гэдгийг хэн хүнгүй л мэдэх болсон. Тэгсэн хэрнээ л хашрахгүй хууртагдсаар л байх нь монголчуудын генд уламжлагдан ирсэн гэнэн цагаан сэтгэлийн төрөлх чанар нь буй заа. Сонгууль дөхсөн үед төрийн эрх мэдэлд санаархагч бүр л энэ чанарыг гарамгай ашиглах нь мэдээж. Буруутгах аргагүй. Гагцхүү хуулиар л тодорхой хязгаарлалт тогтоож болдог. Саявтархан батлагдаж дууссан “УИХ-ын Сонгуулийн тухай хууль”-иар иймэрхүү төрлийн хязгаарлалт боломжоороо л оруулсан байна лээ. Тэгэхгүй бол хөдөөгийн залуус хотоос ирсэн “од”-уудын дуу хөгжмийн аялгуу дор шөнөжин бүжиглэж хөөрөөд, түүнийгээ дарж амжилгүй л саналаа өгчихдөг байсан гэхэд хилсдэхгүй. Ялангуяа шүтэн биширдэг, нэрийг нь сонссоноос биш “амьдаар нь” хараагүй, зөвхөн зургийг нь орныхоо ард наахаас хэтэрдэггүй байсан “од”-уудтайгаа нүүр тулан уулзаад зогсохгүй, бүр хамт бүжиглээд, бас захиа даалгаврыг нь авна гэдэг ёстой “тэнгэрийн умдаг атгах”-аас дутахгүй завшаан. “Од”-ын аминчлан захисан нэр дэвшигчийг дугуйлж цөхөх юу байхав.
Хөгшид бол хөөрхий, нэр дэвшигчийн зүгээс цуглуулан уулзаад мэнд мэдэн, хадаг гарын бэлэгтэй өгсөн буяныг нь хариулахгүй бол алдас болно. Тэр тусмаа манай нутгийн нөгөө хэний хүү байна лээ. Эцэг нь сайн хүн байсан юмдаг. Хүү нь “шийр алаг” байж таарна. Дугуйлнаа. Аль нэг намын гишүүд болохоор “аль аль нь адилдаа адил, годилдоо годил луйварчид байна. Одоо яая гэхэв нөгөө намын нөхрийг дугуйлалтай биш, өөрийнхөө талын луйварчинг л дугуйлахаас. Ерөнхийдөө иймэрхүү дүр зураг явагддаг байлаа. Одоо ч гэсэн дээрх байдал тодорхой хэмжээгээр үргэлжилж таарна. Гэхдээ нилээд нь хязгаарлагдах байх, хуулиар хориглосон учраас. Жишээ нь хамтлаг дуучдыг дагуулж тансаглах боломжгүй, бүжиг, үдэшлэг, галын наадам зохиож бужигнуулах бүр ч хориотой. Өөрийнх нь дүрс, ядаж л нэр нь цухас орсон кино, ший, клип млип үзүүлж болохгүй. Спортын уралдаан тэмцээн, “А-ХА” маха, дөрвөн бэрх мэрх төдийгүй морь уралдуулж, шагай няслуулж бас болохгүй. Гарын бэлэг тараах тухайд бол санахын ч хэрэггүй. Хамаатан садныхаа хөгшинтэй очоод золгосон байлаа ч асуудалд орохоо ядахгүй. Өрсөлдөгч нар чинь аль хэдийнээ ах дүүсийг чинь судлаад тогтоочихсон байгаа. Тэр ч байтугай сурталчилаандаа ажиллуулах хүний тоо, тэдэнд өгөх цалин урамшуулал ч хязгаартай. Уулзалт, цуглаанаас гадна ганц хийж болох зүйл бол ном бичих боловч нөгөө номоо тарааж бас болохгүй, үнэ хямдруулаад худалах ч хориглоостой. Харин уран зургийн ч юм уу, сонин хачин цуглуулгаараа үзэсгэлэн гараад өөрөө тайлбарлавал болох талтай. Ингээд бодохоор гол найдлага Монголчуудын итгэмтгий цагаан сэтгэл л байх шив дээ. Аа тийм мөнгө төгрөг амлаж болохгүй юм байна. Тэрнээс болсон уу яасан Засгийн Газраас \ МАН-аас гэсэн үг л дээ \ хэд хэдэн амлалтаасаа ухраад байгаа. Тухайлбал ахмадуудад \ бүгд биш ээ, 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй гэсэн хязгаартай шүү \ өгөх учиртай сая төгрөг оны эхнээс л амлагдаж, маргааш гэж аргацаах болгонд тал нь танагдсаар өнөөдөр 330 буюу “талын тал еэвэн” болчихоод байна. Сонгуулийн хуулиар мөнгө төгрөг амлах, тараах хориотой гэсэн болохоор дээрх “талын тал”-аа өгөхгүй байлаа гэж бодоход буруутгах үндэслэлгүй. Өөдөөс чинь шинэ сонгуулийн хуулиар хориглосон учир арга буюу сонгуулийн дараа \ гэхдээ бид дахин сонгогдож олонхи болсон тохиолдолд шүү гэсэн санаагаа нуухгүй \ л таллахгүй бүтнээр нь өгөхөөс гэсэншүү юм ярихыг үгүйсгэхгүй. Гэхдээ тавдугаар сарын 20-ноос гарцаагүй өгнө. Бүр хоёр сарын 330-ийг нийлүүлээд 660 мянган төгрөг өгнө гэж УИХ-ын чуулган дээр, Сангийн сайд нь амласан болохоор молигдсон байх учиргүй. Энэ мэдээллийг бүх хэвлэл мэдээллээр хангалттай цацсан болохоор тавдугаар сарын 19-ний оройноос эхлээд зарим банкны гадна хөгшид дугаарлаж эхэлсэн байна лээ. 20-ны өглөө хар үүрээр банкны гадаах дугаарлалт уртын урт болсон. Банкныхан гадна үүдэндээ ”Өнөөдөр мөнгө олгохгүй. Тавдугаар сарын 22-нд тараана” гэсэн зар тавьсан нь нэмэр болсонгүй. Хэнд ч, тэр тусмаа төрийн албаныханд бол бүр ч итгэхээ больсон хөгшид зарлалд ач хобогдол өгөөгүйгээр үл барам “цаадуул чинь ингэж хуурч биднийг явуулчихаад, өөрсдийнхөө хүмүүст эхлээд өгөх гэж байгаа юм. Тарж болохгүй шүү” гэлцсэн байгаа юм. Тэрнээс болсон ч биз, бас нэгэнт авсан оочороо алдахаас эмээсэн ч биз цөөнгүй хөгшид тэр чигтээ явалгүй хоёр хоносон тухай ч дуулдаж л байна. Үнэн байх тавдугаар сарын 20-ны өглөө БГД-ийн нутаг дэвсгэрт байх Хадгаламж банкны нэг салбарын үүдэнд гурван ч хүн унтаж байхдаа таарав. Настай хүмүүс байхыг бодвол нөгөө дугаараа алдахаас айгсад байснаас гарцаагүй. Хажуугаар нь залуучууд бас байнаа. Тэдний хувьд 21 мянгаа амжиж олж авахгүй бол зургаан сарын нэгнээс хойш дахин олгогдохгүй юм чинь арга байж уу. Үнэн байдал ийм л байна. Аль ч талаас нь бодсон “танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр” хуучин хоёрыгоо \ АН МАН хоёрыг хэлж байна\ дахин дугуйлаад “талын тал еэвэн”-гийнхээ үлдсэнийг олж авсан нь өлзийтэй ч юм билүү хэн мэдлээ. Айл гэрт ч гэсэн гурав дахь аав ч юм уу ээж оролцохоор ямар л олиг байхав. Тэгээд ч мөнгө төгрөг амлаагүй тэднээс юугаа ч горьдохов. “Урд ургасан чихнээс хойно ургасан эвэр илүү” гэсэн үг бий нь бий.
Олхонууд ШААБАР