Хүн юугаа бичих нь хамаагүй л дээ, луувангаа иднэ үү яанав надад падлийгүй гэдэг шиг. Нэгэнт ардчилсан нийгэм дунд хөлбөрцгөөж байгаа хойно хэлэх, ярих, бичих зэрэг нь бусдын эрхийг зөрчөөгүй л бол хамаагүй чөлөөтэй болсон цаг юм даа. Сонгууль дөхөөд ирэхээр бичигч нар маань бүр дэндүү чөлөөтэйгөөр эрээчин сараачиж байна. Цахим хуудас, сонины зай талбайг харамгүйгээр бичүүлэх ч боллоо, цаад эрхмүүд нь. Нөгөө газар доогуур ортол муулаад байсан Оюутолгойн гэрээ шиг сайхан зүйлгүй, сайн үйлгүй мэтээр бичиглэж эхлэв. Саяхан нэг нөхөр “Оюутолгой бол энэ сонгуулийн улаан туг нь мөн” ухааны юм айлдан авч өгч байнаа. Өмнөговьд Оюутолгой хэмээх мөнгөний том машин ажилдаа орсон нь энэ бололтой. Угаасаа Фрийдландын монголчуудын тархийг барьдаг гол хэрэгсэл нь хэвлэлүүд юм. Түүний өгөөшийг долоож амташсан манай хашрууд магтаал бялхсан бичиглэлээр овоо юм хүртэх нь ээ, янз нь.
Ер нь Оюутолгой бол дэлхийд тэргүүлэх том орд гэдгийг Африкийн ширэнгэн дунд сармагчин хөөгөөд гүйж яваа бяцхан хар царайтууд хүртэл мэддэг болжээ. Роберт Фрийдланд энэ ордын лицензийг авахаасаа өмнө газрын доор ямархуу хэмжээний баялагтайг сайтар тандсан юм. Түүнд манай геологичдоос муугүй тусалсан. Ж.Гүррагчаагийн сансарт нисэх үедээ авсан сорилт, туршилтын зургуудыг бас харж амжсан биз. Гэхдээ үүнээс урьд тэнд их хэмжээний зэсийн хүдэр бий гэдгийг монголчууд багцаалж л байсан юм билээ. Бүр Хүннү гүрнээс улбаатай зэс хайлуулах хамгийн бүдүүлэг технологийн баримтууд нь олдсон. Тэгэхээр уг ордыг зөвхөн Фрийдланд гэдэг тэнэмэл наймаачин хүрч ирээд хэдэн өрөм зоож нөөцийг нь шинээр тогтоосон гэхэд итгэх аргагүй. Социализмын үед монголын геологичид оросуудтай хамтраад гайгүй сайн судалчихсан байлаа. Гэтэл Фрийдландийнхан Оюутолгойн гэрээ хийхдээ “Бид энд хайгуул хийсэн тул үнийг нь та нар хувь эзэмшилдээ шингээгээд төлчих” гэдэг юм байна.
Ер нь гэрээний нөхцлөөс харахад “Айвенхоу майнз”-д маш олон давуу боломж олгогджээ. Ямар хэлбэрээр хөрөнгө оруулсан бай хамаагүй, эхний ээлжинд авсан бүх зээлээ хүүгийн хамтаар төлүүлэхээр болсон. Айвенхоугийн хөрөнгө оруулсан гэх хувь нийлүүлэгчдийн зээл буюу 1,0 тэрбум ам. долларын өр нь хүүгийн хамт төлөгдөнө. Энэхүү 1,0 тэрбум доллар бол өнөөх хайгуул хийсэн гээд байгаа ажлын зардал юм. Үүнийгээ гэрээний хувь эзэмшил дээр хасч тооцжээ. Шинээр нэмж оруулах хөрөнгө оруулалтыг ойролцоогоор 4,0 тэрбум орчим ам. доллар гэж анх оруулж ирсэн боловч дараа нь 5,0 тэрбум гаруй гэж зарласан байлаа. Харин Монголын талын эзэмшлийн 34 хувь нь 1,176 тэрбум ам. доллар болж байгаа юм. Гэрээнд заасны дагуу эхний 8 жилд ноогдол ашиг хувиарлахгүй гэж үзвэл энэ хугацаанд зээлийн хүүд 1,157 тэрбум ам. долларын өр хуримтлагдана. Санхүүжүүлэх хугацааны эцэст төрийн өмчийн компаний энгийн хувьцааны эзэмшлийн хуримтлагдсан өр 2018 онд 2,333 тэрбум ам. доллар болно. Энэ өр цаашид ямар хэмжээнд өсөх нь тодорхойгүй. Энэ бүхнийг хэд хэдэн хувилбараар тооцоход наад зах нь 20 жил, цаад тал нь 30 жилийн дараа Монголын тал ноогдол ашиг авахаар байгаа гэдгийг манай судлаачид мөн ч их ярьсан даа. Монголын төр Оюу толгойгоос зээлээр энгийн хувьцаа эзэмших нь ашиггүй төдийгүй ямарч утгагүй юм. Монголын тал цөөн хувьцаа эзэмшигчийн хувьд Оюутолгой компаний ТУЗ-д санал гаргаж, ноогдол ашиг хувиарлах, үндсэн хөрөнгө, хөрөнгө оруулалтын бодлого зэрэгт нөлөөлөх боломжгүй. Гэхдээ хөөрхий манай муу хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди гуай тэнд таван мянган долларын цалин аваад байж л байна. Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан бас ялгаагүй иймэрхүү цалинтайгаар ТУЗ-ийн гишүүний үүргийг давхар хашиж буй. Рио Тинто нь ТУЗ-өөсөө Айвенхоугийн хэдэн хүнийг гаргаад өөрийн хүмүүсийг тавьсан. Хувьцааны ихэнхийг атгаад авсан учраас ийм эрх эдэлсэн хэрэг. Гэхдээ Айвенхоу арай ч хог дээр хаягдчихаагүй. Гэмт хэрэгт холбогдож, өлсгөлөн зарласнаасаа болоод сэтгэцийн сааталд орчихоод байгаа гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2004 оны сонгуульд бэлтгэн мөнгө босгож явахдаа Фрийдландад олгуулсан Оюу толгойн лиценз Айвенхоугийн мэдэлд хэвээрээ байж л байна. Одоо тэд бусад ордууд руу дайрч эхэллээ. Уул уурхайн баялгийг ашиглах олон улсын конвенц, хэлэлцээр зөндөө олон бий. Эдгээрийн гол үзэл санаа нь ердөө л тухайн улс орон өөрөө баялгийн эзэн нь байхыг баталгаажуулжээ. Африк, Латин Америкийн сургамжаас дэлхий нийтээрээ уг нь мундаг суралцсан. Тиймээс баялаг хэнд илүү хувиар оногдохыг заагаад өгсөн хэрэг шүү дээ. Гэтэл манайхан үүнээс гажаад харайж явна.
Оюу толгойн гэрээ ашиггүй болсон тухай яриад унахаар зарим нь сүүлдээ Хятадад алдаагүй нь их юм гэж цуурч байна. Яг л нөгөө 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “Ц.Элбэгдорж чинь цэвэр цусны Хятад угсаа гарвалтай эр байгаа юм” гэсэн гүтгэлгийн мэдээллээ телевизүүдээр өдөр шөнөгүй цацсан шиг юм болох нь ээ. Монголчууд олон зууны турш өмнөд хөршдөө дургүй явж ирсэнийг далимдуулсан ийм хогийн сэтгэлгээний ул мөр Оюу толгойн луйврыг халхавчлах санаатайгаар одоо гараад ирж байгаа, тэр. Уг гэрээг хийсэн Засгийн газар нь өөрөө л буруутай. Буруугаа бусдад нялзаах аргагүй юм. Буруу замаар тээсэн “будаа” нь иргэдэд хүртээмжгүй, бүр хор болохоор байгаа аж.
Үйлдвэрчний эвлэлийн С.Ганбаатар хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг харчихаад тухайн үед нэлээд бухимдаж байлаа. Муу ч, сайн ч эдийн засагч хүний нүдээр шинжсэн байх л даа, мань эр. Тэгээд “Оюу Толгойн гэрээн дээр бид маш “гайхамшигтай” луйвардуулсан. Бас л ард түмнээсээ нууцаар хийсэн. Бие даасан шинжээчдийн дүгнэлт гаргуулсан уу гэхээр нэг ч үг хариулдаггүй. Хэдэн улс төрчид нь хоббигоороо энэ гэрээг хийсэн. Хэзээ ч хагалгаа хийж үзээгүй эмчид өөрийнхөө амь насыг даатгаад, хагалгаа хийгээдэх гэсэнтэй ижил юм болсон байна” гэж байлаа. Тэр энэ дүгнэлтээсээ ухраагүй яваа ажээ. Гэтэл өнгөрсөн намар Оюу толгойн гэрээг сүрхий эсэргүүцэж, Засгийн газрыг огцруулах дээрээ тулсан УИХ-ын 20 гишүүн өнөөдөр “хонь” болчихоод байгаа нь даанч инээдэмтэй байна. Бодвол тэдний ихэнх нь олигархиудынхаа эгнээнд жагссан хэрэг биз. Ерөөсөө олигархи гэж хэн юм бэ. Судлаач Ц.Ганхуяг үүнийг өөрийнхөөрөө тайлбарласан байна лээ. Тэр “Олигархи гэж байгалийн баялгийг эзэмших эрхийг төртэй хуйвалдан олж аваад, олсон тэр хөрөнгөөрөө эргүүлээд төрийг худалдан авахыг санаархагч хэт баян цөөнхийн бүлэглэл” гэжээ. Үнэндээ голоор нь хэлчихсэн байна. Манай өнөөгийн нөхцөлд тун тохирсон, оновчтой томъчолол болжээ. Өөрөөр хэлэх боломжгүй бололтой.
Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн лицензийн хэргийг саяхнаас Авлигатай тэмцэх газрынхан шалгаж эхэлсэн. Мөн түүний хамсаатан гэгдэж буй Л.Даваацогт нь гадаад руу оргов зайлжээ. Түүнийг 200 гаруй лиценз бусдад хууль бусаар өгсөн гэж сэжиглэн шалгахдаа батлан даалтад гарсан байлаа. Тэр Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Тэд Оюу толгойн 20 хувийг эзэмшихээр улайрсан Хятадын төрийн өмчит Чалко компанийн захиалгыг биелүүлсэн болов уу. Чалкогийн толгой компани болох Чанайлко ч ард нь байгаа байх. Мөн Чинхау групп нь тэдэнтэй Монголын нүүрсээр холбогдож ажилладаг тул хардахаас яахав. Рио Тинто, Айвенхоугийн аль нь ч ялгаагүй өнөөдөр Хятадын зах зээл дээр тэдгээртэй өрсөлдөж байна. Өмнийн говийн нүүрс болон бусад эрдэс баялгийн ордуудын лиценз тэдний хувьд ус агаар гэсэн үг. Наймаа бол наймаа. Өнөөгийн манай ашигт малтмалын хуулиар лиценз эзэмшигч нь бараг орд газрын эзэн шахуу болчихсон. Ийм цоорхойтой хууль батлахад гаднынханд хамгийн идэвхтэй үйлчилсэн хүмүүсийн нэг нь Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт юм. Түүнийг Ашигт малтмалын газрын дарга нартай хуйвалдан хууль бусаар лиценз олгуулсан гэх хүн цөөнгүй. Ер нь тэгээд Авлигатай тэмцэх газрынхан анхааралдаа авсан байхаа, түүнийг. Сүүлийн үед Д.Зоригтыг шалгах тухай яриа тэр хавиас дуулдах болсон. Н.Энхбаярын Ерөнхий сайд, УИХ-ын дарга байх үеэс эхлүүлсэн Өмнийн говийн лиценз дээр нэмж тараасан Д.Зоригт нарын явдал үйл бүр ч илүү гай тарих болов уу, эртхэн цэгцэлж авахгүй бол. Харин тэгээд дараа нь хэдүүлээ хуулийн шударга ажилтнуудыг ам мэдэн магтан дуулцгаах уу даа.
Б.Отгонбаяр