logo
Америк маягийн өшөө авалт

Америк маягийн өшөө авалт

2012/05/26
Засгийн эрхийг зэвсгийн хүчээр авдаг байсан үеийг Монгол Улс халаад 100 жил болж байна. Эдүгээ төр барихын төлөөх зорилгоо хэрэгжүүлэхдээ ард түмний сонголтонд тулгуурладаг болсныгоо ардчилал гэдэг. Өнгөцхөн харахад үнэхээр ардчилсан үйл явц мэт харагдавч цаанаа чухам ямар их тэмцэл, өс хонзон нуугдаж байдаг нь 2008 оны 7 сарын 1-ний үйл явцаас тодорхой харагдсан. Хэрвээ гарын дор бэлэн зэвсэг байсан бол цөсийг нь хөөргөсөн тэр олон мянган залуус хэнийг ч буудахад бэлэн байсныг монголчууд бүгдээрээ жүжиг мэт үзсэн. Ерөөсөө дайн хийж, сүр хүчийг үзүүлж, төрийн эрхийг авч, ноёрхлоо тогтоож, үндэсний баатруудаа, эсвэл цуст яргачдаа тодруулах нь хүн төрөлхтний араншин гэнэ. Зэвсгээр шийдсэн ийм дарангуйллыг Гитлер, Напелон, Сталин, Мао Пол Пот гээд түүхээс олныг харж болно. Америк гэж тив байснаас биш улс үндэстэн гэж байсангүй. Америк бол хүчин, дээрмийн аргаар, зэвсгийн хүчээр анх үүсч байгуулагдсан улс юм. Үндэстэн гэх аргагүй эрээвэр хураавар.

Өнөөдөр дэлхийд тэдний ноёрхол тогтоод байна. Ганцхан Америк л бусад улс орны дотоод хэрэгт оролцож, үгэнд нь орохгүй бол зэвсэг хэрэглэж, цэргээ байрлуулж, нефтийг нь хямдаар авч, цөмийн пуужин хөөргөх эрхтэй. Орос октябрийн хувьсгалыг экспортолсон. Түүний горыг бид амссан. Одоо Америк улс ардчилал гээчийг экспортолж байна. Гэхдээ их баялагтай бага буурай орныг сонгож экспортлодог. Үлгэрлэвэл, Хятад, Орос, Японыг яаж ч чадахгүй. Хойд Солонгосоос ч эмээнэ. Тэд бол өөрийн бодолтой, өвөртөө пуужинтай. Монгол бол америк маягийн ардчиллыг цэцэглүүлж байгаа сонгодог жишээ юм. Тиймээс тэд Монголд их хайртай. Гэхдээ Н.Энхбаярт биш, Ц.Элбэгдоржид хайртай. Тиймээс Ц.Элбэгдорж өнөөдөр том дарга эцэгтэй эрх хүүхэд мэт аяглаж байгаа юм. Н.Энхбаяр өлсгөлөнгөөсөө болж амь тавих гэж байхад, Ц.Элбэгдорж бүтэн оройжин UBS телевизээр баяр ёслол хийхийг монголчууд харсан. Энэ бол америк “школ”. Хүнийг хайрлаж, тэдэнтэй нялуурч суух зав америкт байдаггүй. “Чи үхнэ, эсвэл би үхнэ” гэдэг систем л үйлчилдэг. Өөрийн нутагтаа тааваар нутаглаж ирсэн нүүдэлчин монголчуудын сэтгэхүй, дээрмээр үүссэн америк сэтгэлгээ хоёрын хооронд асар их ялгаа бий.

Монголчууд өнөөдөр эрх мэдлийн үр ашгийг хэн хэн нь хүртсэн хоёр Э-гийн хонзогнолын дээд илрэлийг харж байна. Ард түмнээрээ өрөвдүүлэх гэсэн Н.Энхбаярын ялархал, Ц.Элбэгдоржийн бардамнал хоёрын тэмцлийг харж байна. Энэ удаа л ялахгүй бол эргээд хэзээ ч улстөрд орж ирэхгүй гэдгээ тооцсон Н.Энхбаярын тэмцлийн хэлбэр эцэстээ хүрсэн байхад, Н.Энхбаяр л эргээд улстөрд ирэхгүй байвал өөрөө өөрийгөө егүүтгээд хал балгүйхэн үхсэн ч яахав гэсэн Ц.Элбэгдоржийн далд санаа хоёр тэмцэлдэж байна. Улстөрчид өөрсдийнхөө бий болгосон системд торлогдож, эцэстээ тэр системээ өөрөө нураадаг, эцсийн хохирогч нь өөрөө болдог түүх бий. Систем нь задрахад Гитлер амиа хорлосон. Чаушескийг эхнэртэй нь буудаж хороосон. Америкийн олон Ерөнхийлөгч өрсөлдөгчдөө буудуулсан. 1996 оны сонгуульд нам нь ялагдсаны дараа Н.Энхбаяр тухайн үеийн мөнгөтэй залуусыг өөртөө татаж, 2000 онд том ялалт байгуулсан. Тэгээд төрийн өндөр албан тушаалыг үнэлж, нөгөө залуустаа хуваан өгч Засгийн газраа байгуулсан. Энэ бол түүний бий болгосон загвар. Түүний загварын улам нарийсч хөгжсөн хэлбэрээр өнөөгийн төр, засаг ажиллаж байгаа юм. Угаасаа шударга бус тэр тогтолцоо нь 2009 онд өөрийг нь голын эрэг дээр гаргаад шидчихсэн. Түүнд өширхсөн Н.Энхбаяр өнөөдөр өөрийнхөө ярьдаг “Хана”-ыг нураах гэж ноцолдож, ганцаардаж, бухимдаж байна. Түүний одоо бүрдүүлсэн нам, эвслийг ажиглахад үнэхээр хань болчих хүн тун ховор. Хохирогчид, хонзогногсод, улстөрийн гадуурхалд өртөгсөд л харагдана. Гав ганцаараа байснаас дээр юм даа. Бас 2000 оноос хойш түүнээс эрх тушаалын шагнал авч, намд нь мөнгө төлж байсан зарим гишүүний төлөөлөл бий. Тэднийг эрийн жудаг гаргалаа гэж хэлж болох талтай. Гэхдээ ард түмний өрөвдөх сэтгэлийн гүнд байгаа МАХН-аар дөрөөлж, улстөрийн хожоо хийж болох шаансыг харж байгаа нь ойлгомжтой.

Н.Энхбаярыг баривчлан хорьсон нь хууль зөрчсөн үү. Үүнд хариулах хүн алга. Яагаад гэвэл Ц.Элбэгдорж “Хариул” гэж команд өгөөгүй. Н.Энхбаяр ингэж байгаад үхвэл яах вэ. Маш том гашуудал болж, Ц.Элбэгдорж үг хэлж, нулимс унагавч, цаанаа бөөн баяр болно. Тэр үнэндээ Н.Энхбаяраас үхтлээ айж байгаа юм. Хэрвээ Н.Энхбаяр эргэж УИХ-ын гишүүн болбол түрүүчийн систем нь задарлаа ч гэсэн Ц.Элбэгдоржийн систем гэж хэзээ ч тогтохгүй болно. Н.Энхбаяр өлсөхөөрөө айлгаад ялалт байгуулах магадлал улам бүр багасч байна. Яагаад гэвэл, түүний эсрэг хоёр намын хамссан сүлжээ улам бэхжиж амжлаа. Н.Энхбаяргүйгээр МАХН сонгуульд амжилт олохгүй. МАН-ын сонгогчдын тоог харин цөөлнө. Тэгэхээр АН сонгуульд ялж, Ц.Элбэгдоржийн систем тогтоно. Харин Ц.Элбэгдорж 2013 онд ялагдаж, МАН-аас Ерөнхийлөгч сонгогдвол улстөрийн тэнцвэртэй байдал үүсч, хэн нэгний гэх систем саармагжиж магадгүй. Ард түмэн хэзээ ч нэг хүн шиг гэгээрчихнэ нь гэж үгүй болохоор ардчилал гэж ер нь байхгүйтэй адил. Тиймээс сонгууль шударга болохгүй. Харин одоохондоо Америкийн бодлогыг хэрэгжүүлэгч орнууд гэж л бий. Тэгэхээр Н.Энхбаяр бол тэр бодлогын золиос юм.

Хиллари Клинтоноос түүнийг өмгөөлсөн гэсэн яриа бол түүнийг үхээсэй гэж ерөөсөнтэй дүйх ёрлол юм. Гэхдээ улстөрийн ийм өшөө авалт цаг нь болоход Н.Элбэгдоржид ч бас ирнэ. Сэргэлэн эр жаахан байснаа Н.Энхбаярыг эмнэлэгт эргэж очоод “Хөөрхий минь, ямар өрөвдмөөр болчих нь энэ вэ? Одоохон сулла!” гэж коок авах гэж оролдож ч бас чадна. Энэ бол америк маягийн өшөө авалт. Монгол Улсад “Ху” гаралтай нам төр барьж байхад ийм өшөө авалт сүүдэр мэт дагах болно.


Эх сурвалж: "Өглөөний сонин"
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш