logo
Украйны парламентын гишүүд нударга зөрүүлжээ

Украйны парламентын гишүүд нударга зөрүүлжээ

2012/05/26
Украйны Рада буюу парламент нутгийн зарим хэсэгт орос хэлийг үндсэн хэл болгон ашиглах талаар хэлэлцжээ. Энэ үеэр Оросын талыг баримтлагч Украйны Ерөнхийлөгч Виктор Януковичийг дэмжигчид болон барууны талыг баримтлагч гишүүдийн хооронд маргаан болж, парламентын гишүүд нударга зөрүүлсэн байна. Ерөнхий сайд асан Тимошенкогийн талыг баримтлагчид Украйн улс хэл соёлын хувьд хөрш ОХУ-аас бүрэн хараат бус байх ёстой гэж үзэж байгаа бол Ерөнхийлөгч Виктор Януковичийн талыг баримтлагчид Украйны зарим хэсэгт Орос хэлийг үндсэн хэл болгох байр сууртай байгаа юм. Учир нь эмнэлэг, сургууль, шүүх байгууллага зэрэг олон нийтийн үйлчилгээний газрын ихэнх хэсэгт Орос хэлээр ярьдаг юм. Барууны талыг баримтлагчид Ерөнхийлөгч Янукович ирэх 10 дугаар сард болох парламентын сонгуулиас өмнө Украйныг хэл, соёлоор нь 2 хуваах гэж байна. Цаашлаад Украйны хэл соёлыг устгах, Орост уусгах гэж байна гэж үзэн хуулийн төслийг хүчтэй эсэргүүцсэн байна. Гишүүд нударга зөрүүлэхээс өмнө хурлын төслийг санаачлагчид болон эсэргүүцэгчдийн хооронд ширүүн маргаан болжээ. Маргаан ширүүсч гишүүд бие биенээ барьж аван нударга зөрүүлж эхэлсэн байна. Украйн хэл нь Оростой адил Слав язгуурын хэлэнд багтдаг ч бага зэрэг ялгаатай. Цөөн латин үсэг хэрэглэдэг. Слав язгуур нь Энэтхэг-Европын дэд язгуур юм. Дотроо зүүн, баруун болон өмнөд Слав хэл гэж хуваагддаг байна. Украйны хувьд Донецк хот орчим буюу нутгийн зүүн хэсгийн оршин суугчид цэвэр оросоор ярьдаг. Мөн нутгийн өмнөд хэсэгт орших Крым Автономит улсын оршин суугчид оросоор ярьдаг. Эдгээр оршин суугчид Украйны одоогийн Ерөнхийлөгч Виктор Януковичийг дэмждэг юм. Тэгэхээр Ерөнхийлөгч Янукович өөрийг нь дэмждэг оршин суугчидтай бүс нутагт орос хэлийг үндсэн хэл болгож, оноо авч нэр хүндээ өсгөх гэсэн алхам жийж байна гэж сөрөг хүчин үзэж байгаа юм. Парламентын гишүүдийн зодооны үеэр сөрөг хүчний нэг улс төрч толгойдоо гэмтэл авч, цус алдсан тул эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн сөрөг хүчний улс төрч Микола Петрук эмнэлэгт хүргэгджээ. Түүний хувцас нил цус болсон байжээ. Тэрбээр мөн л толгойдоо гэмтэл авчээ.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш