logo
Нарны голчийг нарийвчлан тодорхойлов

Нарны голчийг нарийвчлан тодорхойлов

2012/05/28
Японы Үндэсний одон орон судлалын төвийн мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногийн эхээр болсон цагираган хиртэлтийн үеэр Нарны голчийн хэмжээг нарийвчлан тогтоож чадсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Цагираган хиртэлт Ази тивийн ихэнх хэсэг болон Хойд Америкт ажиглагдсан юм.
Одон орончид нарны бүтэн хиртэлт эхлэх болон дуусах үед нь "Бейлигийн нарийвчлал" гэгддэг гэрлийн /оптик/ тусгалын нөлөөг хэмжих аргын тусламжтайгаар Нарны диаметр хэд вэ гэдгийг оновчтой тогтоож чаджээ. Нар хиртэх үед Нар болон Сарны хүрээ давхцдаг боловч Сарны гадаргуу нь тэгш биш учраас нарны хурц тод улаан гэрэл Дэлхийгээс ажиглагддаг юм. Үүнийг болон "Бейлигийн нарийвчлалыг" ашиглан Японы одон орончид Нарны дүгрэгийн хэмжээг нарийвчлан тогтоож чадсан байна.
Саяхан болсон хиртэлтийн үеэр профессор Мицүма Сома ахлагчтай Японы эрдэмтэд хэд хэдэн одон орны судлалын төвийн "Бейлигийн нарийвчлалаар" хийсэн ажиглалтын мэдээллүүдийг Японы "Кагуя" хэмээх Сарны тандах бөмбөлгөөс авсан мэдээлэлтай харьцуулжээ. Үүний дүнд судлаачид Нарны голч 1 сая 392 мянга 20 км болохыг тогтоож чадсан байна.
Дэлхийн одон орончид олон жилийн турш Нарны голчийг нарийвчлан тогтоохыг оролдсоор ирсэн боловч Нарны титмийн туяа хэт хурц байсан нь бэрхшээл учруулж байжээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш