logo
Шотланд тусгаар тогтнолын төлөө тэмцэнэ

Шотланд тусгаар тогтнолын төлөө тэмцэнэ

2012/05/28
Шотландыг тусгаар тогтнуулах талынхан улс төрийн кампанит ажлаа Эдинбургт албан ёсоор эхэллээ. Их Британийн энэ хэсэгт бие даасан тусгаар улсын эрх олгох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах нь тэдний гол зорилго аж. Шотландын Ерөнхий сайд Алекс Сэлмонд тэргүүтэй Үндэсний нам 2014 оны есдүгээр сард бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байна. Шударга тогтолцоотой, хөгжин цэцэглэсэн Шотланд улс байгуулах нь тус намын зорилго ажээ.
Шотландын парламент нь эрүүл мэнд, боловсрол болон засан хүмүүжүүлэх тогтолцоог удирдах эрхтэй байдаг. Тэрчлэн тус парламент эдийн засгаа удирдах, улс орноо хамгаалах боломжтой. Гэхдээ Шотланд тусгаар тогтновол Британийн цөмийн зэвсэглэлийг нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй болж, улмаар аюулгүй байдлын түвшин нь эрс буурна гэж тусгаар тогтнохыг эсэргүүцэгчид үзэж байна.
Шотландын сайд нарын танхимын тэргүүн өөрийн талынханд Тусгаар тогтнох тунхаг бичигт гарын үсэг зурахыг уриалжээ. Хэрвээ нэг сая гаруй үсэг цуглуулбал Шотландыг Их Британиас тусгаарлах талынхан санал хураалтад ялах юм.
Кампанит ажлын нээлтийн ёслолын ажиллагаанд тусгаар тогтнохыг дэмжигч, Холливудын жүжигчин, тагнуулч Жеймс Бондын дүрийг бүтээсэн Шон Коннер зэрэг алдартнууд оролцжээ. Шотланд улс тусгаар тогтносон ч Британийн хамтын нөхөрлөлийн гишүүн бусад оронтой адил төрийн тэргүүн нь хатан хаан хоёрдугаар Елизавета хэвээр байх юм.
З.Амгалан 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш