logo

"Хөлбөмбөг гээч..." хэмээн уулга алдахуй...

2012/05/29
"2006 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс хойш монголчууд бид хөлбөмбөгөөр амьсгалж эхэлсэн гэхэд хэлсдэхгүй. Түүнээс хойш Аваргуудын лиг, Английн тэргүүн лиг, Германы Бундислигэ гээд бид Монголдоо монгол тайлбартайгаар дуртай спортоо шууд хүлээж авч үзсэн билээ. "2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” Монголчуудыг сар доргиогоод авсан. Найз нөхдөөрөө цугларч Хөлбөмбөгийн тухай яриа өрнүүлж мэтгэлцээд л хаашаа л харна бөмбөгө хөөсөн хүүхдүүд.
Хөлбөмбөг гээчид чухам яагаад бид үхэн хатан дурладгийг ёстой бурхан л хэлэх байх. Хорин хоёр хүн ганц бөмбөгний хойноос бүтэн цаг хагас хөөцөлдөж гүйдэг утгагүй гэмээр ч энэ тоглоомын шид нь юундаа байдаг юм бол? Нэг дор олон хүн амьдаар үздэгтээ байна уу? Ногоон талбайд гарамгай эрс хурд хүч, авхаалж самбаа, ухаан бодлоо зэрэг сорьж цусгүй дайтдагтаа юу? Улс үндэстнийхээ алдар цууг мандуулж, түм буман үэгчдийн уухайн дуудн омог төгөлдөр зогсдогтоо юу? Бал цулаар нь бөөн бөөн мөнгө олдогтоо байна уу? Нэг мөр хариулах аргагүй мэт санагдана. Хөлбөмбөг бол баяр хөөрийн цуурай, басхүү харууслын нулимс ... Хөлбөмбөг гэдэг чин сэтгэлийн нууцхан атлаа ариун хүсэл мөрөөдөл дээр нэмэх нь зуун хувийн хоосон горьдлого. Хөлбөмбөг бол юунаас үл халшрах ган болд мэт эр зориг хийгээд баярлахдаа энгэрээ норгодог өр зөөлөн сэтгэл ... Хөлбөмбөг чин сэтгэлээс аяндаа асгардаг баяр бахдал ч бас мөн. Хөлбөмбөг бол тэр чигээрээ амьдрал, тийм ч учраас үхлийг бас агуулдаг юм. Хөлбөмбөг эрх чөлөөний чанартай хэрнээ хүн бүрийг дур зоргоор нь тавиад байдаггүй юм. Хөлбөмбөг уйтгар гуниг амтагдуулсан гашуун мөртөө салахын аргагүй бялуурам амттай. Хөлбөмбөг яль шальгүй өчүүхэн зүйл байлаа ч орхигдуулж боломгүй үнэнхүү чухлын цул юмаа. Хөлбөмбөг гэрэл гэгээтэй, тийм хойно мэдээж хар бараан сүүдэр ч бас бий. Ногоон талбайд нь ганцхан хором бүхэл бүтэн зууны үнэтэй. Хөлбөмбөг бүхэлдээ сэтгэл зүрхийг эзэмдэгч ... Хөлбөмбөг бол сэтгэлийн жинхэнэ дээд ханамж таашаал. Эцэст нь хэлэхэд хөлбөмбөг гэдэг маань уулга алдах хийгээд уухай түрлэг тасардаггүй, баяр гуниг сүлэлдсэн эцэс төгсгөлгүй үргэлжлэх энэ хорвоогийн мөн чанар юм шүү дээ. Тиймээс бид энэ тоглоомд унан тусан дурладаг билээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш