Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санаачлагаар өсвөрийн хөлбөмбөгчдийн дундах зуслан сургалт 2 дахь жилдээ болж өндөрлөлөө. Өнгөрсөн жилээс эхлэн Италийн АС Милан багийн дасгалжуулагчдыг урьж, хөлбөмбөг сонирхогч хүүхдүүдэд хичээл заалган, тэндээс шалгарсан 4 хүүхдийг Милан хотноо болдог “Дэлхийн хүүхдийн зуслан”-д оролцуулсан. “Милан өсвөрийн зуслан-2012” хөтөлбөр Улаанбаатар хотноо 6 хоног үргэлжилж, Милан явах хүүхдүүдийг шалгарууллаа. Нийслэлийн төвийн 6 дүүргийн, 13 хүртэлх насны 270 хөлбөмбөгч хамрагдсанаас Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн сурагч А.Мөнх-Оргил, Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн сурагч Ч.Мэндээ, Б.Балжинням, Баянзүрх дүүргийн Хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төвийн сурагч А.Мөнгөнтулга нар шалгарчээ.