logo
Ерөнхий сайд С.Батболдын Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг

Ерөнхий сайд С.Батболдын Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойн баярын хуралд хэлсэн үг

2012/05/30
Монгол цэргийн сүлд хийморь болсон генерал, офицер, ахлагч нар аа,
Эрхэм хүндэт энхийг сахиулагчид аа,
Даян дэлхийд эх орон, Зэвсэгт хүчнээ алдаршуулсан өнөөгийн баатарлаг гавьяат үйлстэн-Цэнхэр дуулгатан дайчид аа,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Манай улсын Зэвсэгт хүчин олон зууны тэртээгээс эхтэй ч, эзэн Богд Чингис хааны үеэс дэлхийн дахинд алдар цуугаа мандуулан омогшсон агуу их түүхтэй. Ийм агуу түүхтэй, баатарлаг үйл хэрэгтэй Монголын Зэвсэгт хүчин орчин үед ч даян дэлхийн энхийг тогтоох ажиллагаанд өөрийн хувь нэмрийг оруулж байна. Тиймээс Монголын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний түүхт 10 жилийн ойн баярын мэндийг Та бүхэндээ хүргэж, үйл хэрэг, үйлс гавьяагаар тань бахархаж байгаагаа илэрхийлье.
Манай төр энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Энэ бодлогынхоо хүрээнд Монголын Зэвсэгт хүчин дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг хангах, иргэний дайн, зэвсэгт мөргөлдөөн бүхий улс үндэстнүүдэд энх амгалан тогтоох, сэргээн босгож хөгжүүлэхээр эрсдэл нүүрлэсэн амаргүй нөхцөлд хувь нэмрээ оруулж байна. Энэ бол түүхэн гавьяа, өгүүлшгүй буян, ариун сайхан үйл хэрэг билээ. Бас төр улсын минь нэр нүүр юм.
Энхийг дэмжих ажиллагаанд манай улсын Зэвсэгт хүчин оролцож эхэлснээс хойшхи 10 жилд 6000 орчим цэргийн алба хаагч дэлхийн гурван тивийн 10 гаруй оронд амь өрсөн, айдас эрсдлийг үл умартан үүргээ нэр төртэй биелүүлж, холбоотон гүрэн, эвслийн цэрэг, НҮБ-ын өмнө алдар гавьяагаа дуурсгаж байна. Цэрэг эрсээ энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах түүхэн ийм шийдвэр гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди ойн энэ арга хэмжээнд оролцож байгаад баяртай байна. Ингэснээр Монголын Зэвсэгт хүчин даян дэлхийн цэнхэр дуулгатнуудын өнөр бүлд багтан өөрийн баттай байр сууриа эзлэж чадсан нь ард түмэн, иргэдийнхээ талархлыг зүй ёсоор хүлээж буйг энэ индрээс тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Дэлхийн хаана ч очсон монгол цэргийн мэргэжлийн өндөр ур чадвар, эр зориг, дадлага туршлага, дайчин эрэмгий чанар, сахилга батыг шагшин магтаж, хамтран үүрэг гүйцэтгэхэд итгэлтэй дотно анд нөхөр болохыг, ямар ч хүнд үүргийг нэр төртэй гүйцэтгэж чаддагийг бахархан ярихыг сонсоод Та бүхнээрээ чин сэтгэлээсээ бахархдаг билээ.
Амаргүй нөхцөлд сэтгэл зүй, бие бялдрын асар хүнд ачааллыг даван туулж ирсэн энхийг сахиулагчидаа дэмжин туслах олон арга хэмжээг Монголын Засгийн газар авч хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын шийдвэрээр энхийг сахиулагчдад олгодог мөнгөн дэмжлэгийг нэмэгдүүлж, тэдний үүрэг гүйцэтгэх баталгаатай нөхцлийг хангахад зориулан олон тэрбум төгрөг зарцуулж ирсэн. Мөн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, энхийг сахиулагчдынхаа нийгмийн асуудлыг, тухайлбал цалин хөлсийг нэмэх, орон сууц, эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах зэрэгт онцгойлон анхаарч ирлээ. Үүний зэрэгцээ энэ оны дөрөвдүгээр сард Засгийн газар тогтоол гарган, Энхийг сахиулагчдын олон улсын өдөр буюу 5 дугаар сарын 29-ний өдрийг Монгол Улсад “Энхийг сахиулагчдын өдөр” болгон жил бүр ёслон тэмдэглэж байхаар шийдвэрлэснийг баяртайгаар дуулгаж байна. Үүнд оролцогч нь монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөж байгаа Та нар юм.
Монгол цэргийн даян дэлхийн энхийн үйл явцад оруулж буй хувь нэмэр нь улс орныхоо нэр хүндийг олон улсын түвшинд өргөж өгсөн. Тиймээс Та бүгдийн энэхүү хичээл зүтгэл тань ардчилал хөгжсөн олон улстай ойртон түншилж, Монголдоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулах үйл хэрэгтээ өргөн хүрээтэй дэмжлэг авах боломжийг олгож байгаа нь улс төр, эдийн засаг, нийгмийн асар их ач холбогдолтой юм.
Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ариун үйлсэд оролцоход АНУ, ХБНГУ болон бусад хамтын ажиллагаа бүхий орон, олон улсын байгууллага ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Тиймээс Энхийг сахиулагчдын энэ өдөр монгол цэргийг хүнд хэцүү үүргээ гүйцэтгэхэд мөр зэрэгцэн байж, байнгын сэтгэл харамгүй туслалцаа үзүүлж байсан бүх улс орны төлөөлөгчид, олон улсын байгууллагын бүрэлдэхүүнд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.
Эх орныхоо Зэвсэгт хүчнээ энхийг дэмжих ажиллагаанд илгээн оролцуулах анхны амаргүй бөгөөд зоримог шийдвэрийг 2002 онд Засгийн эрх барьж байх үедээ Монгол Ардын нам гаргасан билээ.
Эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан андгай тангарагтаа чин үнэнч зүтгэж ирсэн энхийг сахиулагчид, тэднийхээ гэр бүлийнхэнд нь түүхэн ойн баярын мэндийг дахин хүргэж, Засгийн газрынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна.
Монголын Зэвсэгт хүчний нэгэн үеийн түүх дайчин баатар эрс та бүхний алдар гавьяагаар бичигдэж, манай улс даян дэлхийд мандаж байхыг хүсье.
Монголын Зэвсэгт хүчний, Монголын дайчин баатар эрсийн яруу алдар бадартугай.
2012.05.29  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш