logo
Сонгогчид хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгаж чадна

Сонгогчид хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгаж чадна

2012/05/30
Саяхан МАХН-ын нэг нөхөр “Хуучны МАХН-ынхаа гишүүд, дэмжигчдийн итгэлийг алдахгүй сонгуульд өрсөлдөнө. Монгол Ардын Нам бол манайхаас тасраад явсан өөр улстөрийн хүчин” гэж улайхгүй ярьж яваа харагдав. Ичих нүүр, зовох сэтгэл түүнд алга. Санал хулгайлахаар сэтгэл шулуудсаны илрэл гэлтэй. Өөр намын нэр ичих ч үгүй зээлдэж авсандаа сэтгэл нь ханахгүй бас сонгуульд нэрийг нь барьж санал зулгаахаар улайрч байгаа нь энэ бололтой. Гэхдээ Монгол Ардын Нам, МАХН гэсэн хоёр өөр улстөрийн хүчин сонгуульд өрсөлдөж байгааг сонгогчид гадарлах бус бүр сайн мэднэ. Аль нам нь ном журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгааг, аль нам нь бусдын нэрээр улстөр хийж явааг ялгаж салгахаа ч мэднэ шүү. Эдгээр хоёр намыг нэгэн улстөрийн хүчин гэж ойлгуулан сонгуулийн хар пиар хийх гэж байгаа бол бүтэшгүй санаа юм. Тэгээд ч МАХН-ын удирдлагуудын башир арга хол явахгүйг нэр дэвшигчид нь ч эхнээсээ баталж эхэллээ. Зарим тойрогт нэр дэвшигчид нь нэр дэвших саналаасаа ухарч, энэ намыг орхиж явсан нь нэгийг өгүүлэх мэт. Сонгуулийн сурталчилгаа дөнгөж эхэлмэгц намаасаа уйдаж байгаа юм чинь сонгуулийн дараа МАХН-ын дээвэр дор хоргодох хүн улам л цөөрөх байх даа. Тус намаас нэр дэвшигчдийг сонгогчид их л голонгуй ярилцаж байхтай олонтаа таарсан. Нэр дэвшүүлж ам л таглаж байвал болоо гэсэн шиг олонд танигдаагүй, хийсэн бүтээсэн нь тодорхойгүй хүмүүсээр багаа бүрдүүлсэн нь сонгогчдод хасах оноо болон очиж байна. Ер нь монголчууд ашиг хонжоо олохын тулд бусдын хийсэн бүтээснээс “будаа” иддэг ичих нүүргүй хүмүүст хэзээ ч таатай хандаж байгаагүй, ухаантай ард түмэн.
МАХН гэж улстөрийн 19 дэх шинэ хүчнийг Улсын дээд шүүх бүртгэж авсан. МАХН бол улстөрийн хамгийн отгон улстөрийн нам болохоос бус Монгол Ардын Намтай ямар ч холбоогүй. МАХН уугуул нэрээ сэргээж Монгол Ардын Нам болон нэрлэгдэх болсоор удаж байна. Төрөлх нэрээ сэргээх санаа олон жилийн өмнөөс эхтэй бөгөөд намын нийт гишүүдийн 96 гаруй хувийн дэмжлэгээр анхны нэрээ авсан билээ. МАХН бол улстөрийн бохир үйл ажиллагаагаар гарч ирсэн нь энгийн ухамсрын төвшинд ойлгогдох асуудал. Товчхон хэлбэл, МАХН бол Н.Энхбаярын нам. Харин Монгол Ардын Нам бол 91 жилийн түүхтэй улстөрийн ууган хүчин. МАХН бол 500 орчим гишүүнтэй. Харин Монгол Ардын Намд уугуул нэрээ сэргээснээс хойш 60 мянган гишүүн шинээр элсэж, 220 мянган гишүүнтэй болж өргөжин тэлжээ. Монгол Ардын Нам хэмээх нэрээ сэргээж, шинэчлэл, агуулгыг хослуулсан нь нийтэд таалагдсан учраас залуучууд Ардын намыг сонгож байна. Монгол Ардын Нам олон түмний нам гэдэг нь өдрөөс өдөрт хүрээгээ тэлж, үйл ажиллагааны цар хүрээ нь тэлж байгаагаар батлагдаж байна. Тийм болохоор гарал үүсэл нь тэс өөр хоёр намыг сонгогчид ялгаж салгаж, сонголтоо өгөх нь гарцаагүй. 19 дэх шинэ улстөрийн хүчний башир аргад төөрөлдөхгүй байж чадна. Улстөрд шударга өрсөлдөөн байхаас өөр улстөрийн хүчний нэрийг ашиглан сурталчилгаа хийх явуургүй аргыг сонгогчид бид л таслан зогсоож чадна.
Д.Ренчин
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш