logo
Зам эвдэгчдэд хариуцлага тооцъё

Зам эвдэгчдэд хариуцлага тооцъё

2012/05/30
Нийслэлд жил бүр зам засварын ажил хийж, улс өч төчнөөн хөрөнгө гаргадаг. Мэдээж замаа засч, янзлах нь зүйтэй.  Ойрын жилүүдэд энэ ажлыг сайн хийж, үүнд ч иргэд баяртай байгаа. Гэхдээ улсаас өч төчнөөн хөрөнгө зарж хийж байгаа ажлыг үл тоож, эвдэгчид олон байна. Барилга, уул уурхай, өрмийн компаниуд гээд том оврын машин ашигладаг байгууллага олон. Ойрын жилүүдэд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд машинаа улам томсгож, аль болох олон тоннын даацтай техникийг сонгодог болсон. Үүнээс болж зам эвдэрч, мөнгө урссаар. Уг нь Замын цагдаагийн газраас гаргасан стандарт гэж бий. Энэ стандарт замын хөдөлгөөний дүрмийн номонд ч байгаа.

"MNS4598-2003, MNS4598-20H" гэсэн олон улсын жишигт нийцсэн нийтийн эзэмшлийн зам дээр явах хүнд даацын машины байх ёстой даацыг зааж өгсөн стандарт байдаг. Тодруулбал, хоёр тэнхлэгтэй ачааны машины даац 18, гурван тэнхлэгтэй ачааны машины даац 24, дөрвөн тэнхлэгтэй болохоороо 38, таван тэнхлэгтэй ачааны машиных 40, зургаан тэнхлэгтэй машиных нь 44 тонн байна гэж тодорхой зааж өгсөн.

Эдгээр машин нь өөрийн жин дээр тээврийн жингээ нэмээд л энэ стандартад нийцэж байх ёстой юм. Ерөөс энэ стандартыг дагахыг том машин хэрэглэж байгаа компаниудаас шаардаж байгаа. Гэтэл өөрийнх нь жин 14 тонн хүрэхээр аварга том машин дээр 40 тонн ачаа ачаад, хотын төв замуудаар хурдлаад байгаа. Уг нь манайхан замаа дээрх стандартад нийцүүлж, тийм хэмжээний даац дааж байхаар барьсан байдаг аж. Гэтэл хамгийн ихдээ 44 тонн даах зам дээгүүр 50-60 тонн хүн төмөр давхиад байхаар эвдрэхгүй яах вэ дээ. Тэгсэн хэр нь компаниуд бидний ажлыг хавчлаа энэ тэр гэсэн хэл ам хийж байгаа.

Мөн өглөө үүрээр хотоос зугтаж гарах, шөнө явах зэргээр дүрэм зөрчиж байна. Бүр аргаа барвал тааралдсан замын цагдааг их мөнгөөр хахуулдах хэрэг ч гарсаар байгаа. Үүнийгээ тэд ажлаа гүйцэтгэхийн төлөө л хийж байгаа шүү дээ. Уг нь манай компаниудад стандартад таарсан машин техник худалдаж авах боломж байгаа. Гэтэл том машин авч ирж, цаг зав, хөрөнгө мөнгөө хэмнэх гэж гэж улайрч байгаа нь ийм зөрчил гарахад хүргээд байгаа юм. Тэд мөнгөө хэмнэх гэж байж болно. Гэтэл татвар төлөгчид гэж бүхэл бүтэн улсын нийт иргэд ч гэсэн мөнгөө хэмнэх эрхтэй биз дээ.

Нийтийн эрх ашиг ямагт нэг нөхрийнхөөс илүү байх ёстой. Ганц компанийн захирал хэдэн сая төгрөгөө хэмнэхийн тулд татвар төлөгчдийн мөнгийг хэдэн зуун тэрбумаар нь үрж болохгүй биз дээ. Тиймээс замын цагдаагийн газраас зам эвдэгчидтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Одоо ч сайн тэмцэж байгаа нь үнэн. Гэхдээ зарим нэг цагдаа хэдэн төгрөг халаасалсан шиг явуулаад байгаа тохиолдол байна. Тиймээс том машиныг нь хураасан ч яадаг юм.

Хэрвээ ажлаа явуулах гэж байгаа бол стандартад нийцсэн машинаараа л ачаагаа зөөнө биз. Өөр арга байхгүй. Ямар үйл ажиллагаа явуулах эрхийг нь хаах гээд байгаа биш. Нөгөө талаар улс замаа сайжруулж, их даацын машин даах хэмжээнд хүргэх шаардлагатай нь мэдээж. Гэхдээ одоогийн нөхцөл байдал арай өөр байна. Тиймээс нөхцөл байдалдаа тааруулахаас биш яах билээ.

Н.Пунцагболд 
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш