logo

"Урт нэртэй хууль" гэгдэх хуулийн хэрэгжилт эрчимжиж байна

2012/05/31
Засгийн газрын хуралдаанаар Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.
Хууль хэрэгжүүлэх хүрээнд алтны орд газруудын 242 лицензийг бүрэн түдгэлзүүлсэн бөгөөд үүний 69-ийг бүрэн, 36-г хэсэгчлэн цуцалсан байна. Мөн алтны шороон ордоос бусад 1400 лиценз бүхий талбайн хил хязгаарыг тогтоожээ.
Ирэх 7 хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хил хязгаарыг эцэслэн батлах бөгөөд үүний дараа лицензүүдийг түдгэлзүүлэх, цуцлах, нөхөн төлбөрийн асуудал яригдана гэж Байгаль орчин, аялал жуулчлалын болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нар хэллээ.
Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий хилийн заагийг тогтоосноор “Урт нэртэй” гэгдэх хууль эрчимтэй хэрэгжих боломж бүрдэж байна.
Засгийн газрын хуралдааны үеэр алтны болон шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт уурхайн хаалт, нөхөн сэргээлт, байгаль орчны мониторинг хийх ажлыг эрчимжүүлэх, нөхөн сэргээлт хийгээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч, эзэн холбогдогчоор нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэх тухай ч яригдлаа.
Мөн хуралдаанаар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон, хязгаарласан, нөөцөд авсан, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээний газраас бусад талбайг 5 жилийн хугацаагаар улсын нөөцөд авах шийдвэр гаргалаа.
Одоогоор манай улсын нийт нутаг дэвсгэрийн 14 хувьд нь тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд тусгай зөвшөөрөл олгох бололцоотой байсан 20 орчим хувийг улсын нөөцөд авч байна. Энэ нь улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийх зорилготой бөгөөд нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь улсын нөөцөд багтаж байна. Ингэснээр шинээр тусгай зөвшөөрөл олгох ажлыг 5 жилээр зогсоолоо.
Цаашид геологийн судалгааны ажил хийсний үндсэн дээр улс, орон нутаг тухайн талбайг нөөцийн газраас гаргана гэвэл жил бүрийн үндсэн чиглэлд тусган УИХ-аар хэлэлцүүлсний дараа Засгийн газар зөвшөөрөл олгодог байх зарчимд шилжлээ.
Энэ нь тусгай зөвшөөрлийг хараа хяналтгүй, их хэмжээгээр олгож байна гэсэн ярианд цэг тавьсан шийдвэр юм гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш