logo
Тэд хүүхэд насны баяр баясгалан, хайр халамжийг адилхан хүртэх эрхтэй

Тэд хүүхэд насны баяр баясгалан, хайр халамжийг адилхан хүртэх эрхтэй

2012/06/01
Хүүхдийн баярыг тохиолдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн /СЭМҮТ/ VIII клиникийн хүүхэд, өсвөр үеийн эмч Т.Саранцэцэгтэй уулзлаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газраас тус клиникт хэвтэн эмчлүүлж буй 24 хүүхдэд өчигдөр бэлэг өгсөн юм байна. Тэдгээр хүүхдийн 12 нь байнга тогтмол энд хэвтэн эмчлүүлж байгаа, бие болон оюуны хомсдолтой, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд гэнэ. Харин үлдэх 12 нь эмчилгээгээ хийлгэн гэр орондоо гарснаар эмчийн байнгын хяналтанд оршдог аж.
Байнга энд эмчлүүлж буй дээрх 7-16 насны 12 хүүхэд нь дандаа гардан асаргаанд байх шаардлагатай юм байна. Тэд бол биеэ дааж бие засах чадваргүй тул ямагт памперстай явдаг, гардан хувцаслуулж, хооллуулдаг багачууд. Уг нь тус эмнэлэгт 0-16 насны хүүхдийг эмчлэх ёстой агаад өдгөө 7-16 насны дээрх 12 хүүхэд байнга хэвтэж буй гэнэ.
Эдгээр нялхас өөрөө өөрийгөө илэрхийлэх, хэлж ярих, явах ч чадваргүй юм байна. Иймээс тэдэнд нөхөн сэргээх эмчилгээ явуулснаар өвчний илрэл нь багасдаг аж. Эдгээр өрөвдөлтэй багачуулд сэтгэлийн гараа сунгадаг газар цөөнгүй агаад ялангуяа Хүүхдийн төлөө газрын мэргэжилтэн Ц.Мягмар тэднийг зорин ирэх нь олонтаа хэмээн эмч ажилтнууд нь ам сайтай байлаа.
Үе тэнгийнхэн лугаа адил юуны учир баярлан хөөрч, бэлэг гардан авч буйгаа сайтар ухаарахгүй байгаа ч тэд хүүхэд насны баяр баясгалан, хайр халамжийг адилхан хүртэх эрхтэй билээ л.
С.Амар 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш