logo
Олон улс Сирийн эрх баригчдын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авч эхэллээ

Олон улс Сирийн эрх баригчдын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авч эхэллээ

2012/06/01
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Сирийн асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгч Коффи Аннан Сирийн Ерөнхийлөгч Башар Ал Ассадтай уулзсан байна. Тэрээр уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ энхийн төлөвлөгөө бүрэн хэрэгжихгүй байгааг онцлоод Ассадад хандан нэн даруй зоригтой алхам хийж, энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг уриалснаа хэлжээ. Аннан түүнчлэн Сирийн засгийн газрын хүчнийхэн болон босогчдоос хүч хэргэлэсэн ажиллагаагаа зогсоохыг шаардсан байна. Харин Ерөнхийлөгч Ассадын хэлснээр энхийн төлөвлөгөө хэрэгжих эсэх нь зэвсгийн наймаа болон террористуудын ажиллагаа зогсохоос хамаарах гэнэ.
Өнгөрөгч баасан гаригт Сирийн Хоула мужид 108 иргэнийг хоморголон хөнөөсөн хэрэг гарсан. Амь үрэгдэгсдийн тал нь хүүхэд байжээ. Үүний дараа Америк тэргүүтэй барууны улсууд Сирийн дипломатчдыг эх орноосоо албадан гаргах шийдвэрт хүрсэн байна. Харин Сирийн удирдлагууд иргэдийг хөнөөсөн нь террористуудын хийсэн ажил гэж мэдэгдэж байгаа юм.
ОХУ Сирийн засгийн газарт зэвсэг нийлүүлдэг бөгөөд Дамаскийн эсрэг аюулгүйн зөвлөлийн хоёр тогтоолын төсөлд хориг тавьсан билээ. Оросын албаны хүмүүс баасан гаригт болсон аллагад засгийн газрын хүчнийхэн болон босогчдыг аль алиныг нь буруутгасан байна.
АНУ, Франц, Их Британи, Герман, Итали, Испани, Канад, Австрали, Голланд, Швейцарь улсууд даваа гаригт Сирийн дипломатчдыг эх орноосоо албадан гаргах шийдвэр гаргажээ.
Төрийн департментын төлөөлөгч Викториа Нюланд Вашингтон дахь Сирийн засгийн газрын төлөөлөгчдөд Америкийг орхин гарахад 72 цагийн хугацаа өгсөн гэж мэдэгдсэн байна. Тэрээр хэлэхдээ бид Хоула сууринд болсон аллагын хариуд ийм арга хэмжээ авч байна гэжээ.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш