logo
“Korean Air” өрсөлдөгчөө шахахын тулд лоббидсон уу?

“Korean Air” өрсөлдөгчөө шахахын тулд лоббидсон уу?

2012/06/05
“Korean Air” компанийн тухай асуудал сүүлийн үед олон улсын анхаарлыг татах болов. Учир нь тус компани бизнесийн өрсөлдөөнд мо­но­поль эрх эдэлж буй гэд­гийг БНСУ-ын Шударга өрсөл­дөөний хорооноос баталсан аж.

Одоогийн байдлаар тус компани Инчоноос Улаан­баатар хүрэх нис­лэгийг үйлдэж байгаа. Мон­гол­чуудын хувьд БНСУ руу хам­гийн их явдаг бөгөөд ингэхдээ сонголт хийх эрх­гүйн улмаас зөвхөн “Korean Air”-ээр л зорчдог. Учир нь Инчон-Улаанбаатар-Инчон чиглэлийн нислэгийн эрхийг дээрх компани авсан.


Хамгийн гол нь Инчоноос Улаанбаатар хүрэх болон Инчоноос Гуанжу хүртэл ни­сэх хугацаа нь адилхан гурван цаг 30 минут. Гэтэл зуны улиралд, мөн сард үйл­дэх нислэгийн тоо зэргээр хамгийн дээгүүр бичигддэг Улаанбаатарын нислэгийн тариф Гуанжүгийн чиглэлээс 20 хувиар өндөр үнэтэй байдаг ажээ.

Үүнээс гадна “Korean Air”-ээс өөр сонголтгүй зор­чигчдод олон цагийн турш дугаарлан зогсох, суу­дал олдохгүй байх зэрэг бэрх­шээл байнга тохиолддог. Зорчигчдын эрэлтээс шалт­гаалж долоо хоногт зургаан удаа нислэг үйлддэг гэдэг ч дээрх асуудал багасах нь бүү хэл сүүлийн жилүүдэд бүр ч гаарсан гэхэд болно.

Гэхдээ ийм гомдол гарсан ч тус компани энэхүү бизнест бусад өрсөлдөгчийг оруулж ирэх сонирхолгүй гэдгээ батлах болсон. Тодруулбал, БНСУ-ын агаарын тээвэрт “Korean Air”-тэй эн зэрэг­цэх, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг “ASIANA” компани Инчон-Улаанбаатарын чиглэлийн нислэгийн эрхийг авахын тулд хэд хэдэн удаа санал гар­гасан ч эсэргүүцэлтэй тулгарсаар өнөөдрийг хүрсэн юм байна.

Солонгосын “CBS” те­ле­­визээр  энэ    тухай мэ­дээ гарчээ. Энд, БНСУ-ын Шударга өрсөлдөөний хорооны шалгалтаар “ASIANA”-д зөвшөөрөл өгөх­­гүй байгаа шалтгааныг тодорхойлсон   аж.  Шалгал­тын тайланд дурдсанаар “Korean Air” компанийг уг чиглэлд бусад авиа ком­панийг оруу­лахгүйн тулд лоббидсон гэ­жээ. Ингэхдээ “ASIANA”-д зөвшөөрөл ол­гоогүйн хариуд Монгол, Со­лонгосын албаны хү­мүүсийн бүх зардлыг дааж, ая­луулсан нь илэрсэн байна.

Хамгийн гол нь иймэрхүү байдлаар лобби хийх хоо­ронд Монгол-Солонгосын хоо­ронд зорчиж буй иргэд хохирсоор байгаа нь харам­салтай. Уг нь Шударга өр­сөлдөөний хорооноос “Ko­rean Air” компанийн үйл ажиллагаанд анхаарч, дахин иймэрхүү шударга бус бизнес явуулахгүй бай­­хыг анхааруулсан ч одоо­­гоор хариулт өгөөгүй бай­­гаа гэнэ. Тиймээс уг хо­роо­ноос энэхүү шалгалтын дүгнэлтийг БНСУ-ын Газар, далайн яаманд мэдээлэхийн зэрэгцээ гаргасан тушаалыг даруй биелүүлэхгүй бол про­курорын газар өгнө гэж са­нуулсан байна.

“ASIANA” компанийн хувьд заавал Инчон-Улаан­баа­тарын  хооронд   биш Пу­сан-Улаанбаатарын нис­лэгийг үйлдэх хүсэлтийг ИНЕГ-т тавьсан ажээ. Тод­­­руулбал, 2011 оны дө­рөв­­дүгээр сарын 18-нд зур­гаа­дугаар сарын нис­лэгийн эрхийг авахаар албан санал хүр­­гүүлсэн ч ямар нэгэн ха­­риу өгөөгүй гэнэ.

Дээрх  ком­­панид Мон­голын агаарын тээв­рийн үйл­чилгээ эрхэлдэг ком­па­ниудтай түншилж байсан туршлага бий. Тухайлбал МИАТ, “Mongolian Airlines” зэрэг авиа компанитай үйлч­лэгч сургах, онгоцны зас­вар хийх зэргээр хамтран ажиллаж бай­жээ. Түүнээс гадна 22 улсын 27 хотод нислэг үйлд­дэг энэ компани “Golden Grand Slam” хэмээх дэлхийн хэм­жээний нэр хүндтэй шаг­налыг хүртэж байсан. Мөн 2009, 2010 оны Шилдэг авиа ком­паниар тодорч байсан ам­жилттай аж.

Уг нь Монголын агаарын тээ­вэрт  үйл  ажиллагаа  явуул­­­­даг компанийн тоо нэ­мэгд­­­вэл бизнесийн цэвэр өр­сөл­дөөн  бий болж, үүний дүнд зорчигчдод таатай нөх­цөл үүсэх нь ойлгомжтой. Ийм  байтал өнөөдрийг хүр­тэл хамгийн олон зорчигчтой нис­­лэгийн замд монополь үүс­­сэн нь анхаарал татахаас өөр аргагүй юм.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш