logo
Мэргэн зүүд

Мэргэн зүүд

2012/06/09
Гэрлэх зараар минь нэгэн бүсгүй утастлаа. “Хоолны газар уулзъя” гэж байна. Тэгж ч чамд холгуулахгүй шүү гэж зөрүүдэллээ. Өлсөөд байгаа бол манайд ирээд хонины чанасан толгой мөлжиг гэж бодов. Удсан ч үгүй бас нэг бүсгүй ярьж байна. Нэг өндөр байшингийн оройд байдаг ресторанд уулзмаар байна гэж болзол тавилаа.

Ширээгээ захиалчихсан шүү гэж сандаргав. Дуртай юм бол манай дээврийн унтлагын өрөөнд уулзана биз дээ. Манай байшин хоёр давхар шүү гэж би бухимдлаа. Өнөөдөр миний хувьд утасны дуудлага тасрахгүй өдөр байв. Нэг бүсгүй амралтын газар өрөө захиалчихсан, чам руу такси явуулчих уу гэлээ. Болж үхье бүсгүй минь, би янхан захиалаагүй гэж утсаа шидлээ. Дараа нь нэг бүсгүй наалинхай дуугаар “Чамтай өнөөдөр л уулзмаар байна. Надад жаахан санхүүгийн тусламж хэрэгтэй байна. Би чамд төгс үйлчилнэ шүү” гэв.

Эхнэр хайж зар тавьсан болохоос эм хүйстэн хүсэж зар тавиагүй шүү дээ. “Ичээч муу банзал минь, өнөөдөр маргаашийн зугаа биш би амьдралын ханиа хайж байна” гэж хариу өглөө. Тэгсэн өөдөөс “ Чиний мөнгө дуусдаггүй юм бол би мөнхийн чамд үйлчилнэ шүү. Би дээд зэргийнх “ гэж өөрийгөө үнэлэв. Зар гэдэг чинь одоо самуун бүсгүйчүүдийг уруу татах үйлчилгээ юу, эсвэл ходоод нь хорчигносон юмнуудыг хооллож ундлах урилга уу? Тэгж та нарыг дураар нь тавихгүй дээ. Та нар намайг хэн гэдгийг мэдэж байна уу? Муу ч гэсэн компанийн захирал, дэлгүүрийн эзэн хүн байна.

Дуртай болгонд ходруулаад гүйж явдаг нуух нь унжсан юм би биш гэж өөртөө омгорхов. Олон ч бүсгүйчүүд надтай холбогдов. Баар цэнгээний газар, зочид буудалд уулзахыг урьсан урилга заллаганд би дарагдлаа. Хамгийн сүүлд нэг бүсгүй утастдсан нь харин миний хайж яваа бүсгүй шиг дуугарав. Дуу нь нэг тийм энхрийхэн хэрнээ итгэлтэй сонсогдов. Тантай маш хурдан уулзах хэрэгтэй байна. Маш чухал юм хэлэх гэсэн юм. Та хаана уулзахаа хэл. Би тэнд чинь хүлээгээд сууж байя гэлээ.

“Сүхбаатарын талбай дээр”...  Зангиагаа хам хум зүүгээд машиндаа суулаа... Замдаа би түүнийг зүсэн зүйлийн баг өмсгөн хорвоогийн сайхан хүүхнүүдтэй зүйрлэж бодсоор очтол майга хөлтэй, улаан хацартай бүсгүй малийтал инээгээд сууж байсан гэж бод доо. Талбай дээр жагсаал хийж байгаа хүмүүсээс ичихдээ эргээд гүйсэнгүй.

-Сайн байна уу? Намайг их хүлээв үү? гэж донгиотлоо.
-Сайн сайн. Та сайхан хаваржиж байна уу?
Өө энэ чинь хөдөөний халтар царайт байна шүү дээ гэж би дотроо дургүйлхэн бодсоноо нууж ядан,

-Та надтай танилцах хэрэг байна уу? Би ч муугаа мэдэхгүй их зантай хүн шүү дээ. Таны надтай танилцах гэж ирсэн сэтгэлийг бодож тав гурван сольдог юм билүү дээ гэж таахалзлаа.
-Өөрөө л мэд. Би таны харцыг хараад намайг голж байгааг мэдэж байна. Танд таарахгүй навсайсан амьтан гэдгээ би мэдэж байна. Гэхэдээ би танд нэг зөвөлгөө өгье. Та бид хоёр танилцлаа гээд гэрлэчих биш л дээ. Хамтран ажииллаж болохгүй гэжүү? Харин танд гэж хэлэхэд та яагаад танилцах зарынхаа  дор өөрийгөө компаний захирал гэж худлаа бичсэн юм бэ?

-Далдыг мэддэг хүн үү та? Хэн байсан ч танд ямар хүртээлтэй юм бэ?
-Хүртээлгүй нь хүртээлгүй л дээ. Та үнэн бөгөөд итгэл төгс хэллээ. Харин би таны зарыг үзээд өөрийнхөө далд авъяасыг сорихоор шийдсэн юм. Нэгд та худлаа хэлсэндээ бантаж байна. Нүүрээ хар даа. Час улаан... Танд харин барилгын бараа зардаг нэг дэлгүүр байдаг юм байна. Тэндээ та өглөөнөөс орой болтол үүрэглэж суудаг. Хоёрт та өрөнд орсон хүн юм...

-Өр өө...
-Тийм, та нилээн хэмжээний өрөнд орж. Танд би точный хэлж өгье л дөө. Та банкнаас зээл аваад хятадаас барилгын материал оруулж ирж л дээ. Гэтэл таны худалдсан чанаргүй будагнаас болж, ашиглалтанд орох ёстой гурван байр дампуурлын ирмэгт тулжээ. Бүх будгаа хусаж, шинээр будахгүй бол хоёр өдрийн дараа цагдаа дээр таныг дуудах юм байна...

-Хоёулаа олны хөлнөөс жаахан зайдуу газар очих уу? Тэр харагдаж байгаа ресторанд ч юмуу?...
-Та өөрөө л мэд.

Зам зуур нөгөө бүсгүй миний ирээдүйг алган дээр тавьсан мэт зөөлөн дуугаар үргэлжлүүлэн ярина.
-Танд их төлбөр гарах юм байна. Та түүнийгээ төлж чадалгүй баахан муу явдалтай учрах нь дээ

-Тэр ч нэг тийм юм болсон шүү... тэгэхэдээ энэнээс мултрах ямар арга байна? Та хэлж тус болох сон бол уу?
-Арга зам бол бий. Энэ арга замыг зааж өгөх гэж би тантай уулзсан учиртай.

-Та юу уух вэ?
-Зүгээр дээ, би юм уумааргүй байна

-Ундаа болох уу?
-Өөрөө л мэд

-Би таны бодсон шиг хөдөөний бүсгүй. Долоо хоногийн өмнө говь нутагтаа тэмээгээ хариулж явсан. Манай нутагт Зост гэж нэг уул байдаг юм. Түүгээр явсан малын хөл сүүл нилдээ будаг болчихдог. Тэгэхдээ нэг газар нь цагаан, нөгөө газар улаан, хөх гээд төрөл бүрийн будгийн өнгөтэй шороотой. Би тэр шороог устай хольж будаг хийж үзсэн. Өөр ямар нэгэн бодистой холивол маш сайхан будаг гармаар санагддаг л даа. Тэгээд үүнийгээ хэрэгжүүлэх зорилготой хотод иртэл санамсаргүй таны танилцах зарыг олж үзлээ. Би төрөлхийн далдыг хардаг авъяастай. Таны компаний захирал, барилгын дэлгүүрийн эзэн гэсэн хаягийг үзтэл таны нүүр царай, аж амьдрал бүх юм чинь нүдэнд харагдсан. Тэгээд танд тусалбал та надад туслах юм байна гэдгийг харсан. Танд маш том агуулах байна. Та тэнд будгийн цех нээ.

-Үйлдвэрлэлийн хэрэгсэл, мөн будагтай холих бодисоо яах вэ.
-Түүнд бүү санаа зов. Цагдаа дуудахаас өмнө амжиж, урагшаа явж та банкинд байгаа мөнгөөрөө хэрэгтэй бүх зүйлийг худалдаж авчир. Би нутгаасаа будагтай шороо зөөж авчирна. Эхний удаа том даацын ачааны тэрэг хөлсөлнө. Яваандаа юм юмтай болно. Та яаравчлах хэрэгтэй. Будаг худалдсан барилгын компанид эхний ээлжинд үнэгүй будаг өгч өрнөөсөө сал. Дараагийн ээлжинд үйлдвэрлэлээ өргөтгөж, барилгын компаниудад үйлдвэрлэсэн будгаа зээлээр өгөөд үз. Сарын дараа таны будаг барилгын бүх компаний эрэлт нийлүүлэлтэнд очно.

-Та будаг хийх шороогоо үзүүлээч
Бүсгүй цүнхэн дотроос жижиг шилэнд өнгө өнгөөр савалсан будагтай шороогоо харуулав. Би хуруугаа норгон тэдгээр будагтай шороог имэрч үзлээ. Юу вэ, найрлагны бодисыг нь олбол германы будагнаас илүү гоё будаг хийх нь ээ...

Сүхбаатарын талбай руу явж байхдаа зам бөглөрөөд би машин дотроо түр унтаж орхижээ. Сэрэнгүүт саяны зүүдээ санан, өөрт минь ямар аюул, эсвэл алсдаа ямар амжилт байгааг эрэгцүүлэв. Би тэссэнгүй машинаа нэг газар тавьж орхиод явган гүйсээр Сүхбаатарын талбай дээр очив. Хөшөөний дэргэдэх чулуун сандал дээр үнэхээр улаан хацартай хөдөөний байрын бүсгүй намайг итгэл даасан хонин бор нүдээр эгцлэн ширтэнэ. Тэр намайг “таньжээ”. Түүний гарт эмэгтэй хүний ширэн цүнх байв. Тэр цүнхэн дотор “ирээдүй” минь байгаа гэж өөрийн эрхгүй надад бодогдлоо...

Даваажавын Эрдэнэмөнх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш