logo
Хамтлагаа мөнх байгаасай гэсэндээ ингэж нэрлэсэн

Хамтлагаа мөнх байгаасай гэсэндээ ингэж нэрлэсэн

2012/06/09
Sweet, Single day, 247 зэрэг дуугаараа залуусыг байлдан дагуулж буй "Far аwау” хамтлагийнхантай уулзлаа.

Тус хамтлагийн гишүүн Э.Золбоо, Г.Жаргалан нартай ярилцсанаа хүргэе.


-Та бүхэн “2016 entertainment”-ын шалгаруулалтаар 500 гаруй залуусаас тунаж хамтлаг болж нэгдсэн. Танай хамтлагийн хувьд бусдаас ялгарах гол онцлог юу вэ?

-Тийм ээ. Аливаа хамтлаг дуучид нэг бол поп эсвэл хип хоп стилээр дуулдаг. Манай хамтлагийн гишүүдийн хувьд бүгд жигд авьяаслаг. Тэр хэрээр аль нэг урсгал, чиглэлд баригддаггүй. Ямарч чиглэлээр дуулах чадвартай гэдгээрээ бусдаас ялгардаг.

-Та бүхний “Sweet" хэмээх дууг залуус сонсох дуртай. Өнгөрсөн хугацаанд хичнээн дуутай болов?

-”Sweet" бол манай хамтлагийн анхны уран бүтээл юм. Энэ дуугаа саяхан клипжүүлж үзэгчиддээ хүргэсэн. Хамтлагийн хувьд нэлээд олон дуутай болсон. Эдгээр дуунуудын үг, аяыг хамтлагийн гишүүн Золбоо өөрөө бичиж, зохиодог. Түүнээс гадна “Минийх биш”нэртэй шинэ уран бүтээлээ удахгүй сонсогчдод хүргэхээр болж байгаа.

-Хамтлагийн гишүүдийн хувьд угийн авьяастай хүүхдүүд байсан уу эсвэл урлагийн сургууль төгссөн юм уу?

Жаргалан:
 -Би Монголын хүүхдийн ордонд V ангиасаа долоон жил тасралтгүй явсан. Дараа нь “Монголжингоо” дээд сургуулийн дуулаачийн ангийг төгссөн. Бусад нь багаасаа дуулах сонирхолтой урлагт хайртай, хамтлаг байгуулах хүсэлтэй байсан юм билээ.

-Та бүхний эзэмшсэн мэргэжлийг сонирхмоор байна?

-Хамтлагийн ахлагч Золбоогийн хувьд олон улсын худалдааны менежментийн чиглэлээр Солонгос улсад мэргэжил эзэмшсэн. Харин Чука маань СУИС-ийн III курсын оюутан, Отгоо ШУТИС-ийн инженерийн ангид суралцдаг. Харин Жагаа сэтгүүлч мэргэжилтэй.

-Танай хамтлагийнхны хувьд ихэвчлэн хайрын сэдэвтэй дуунууд дуулдаг. Энэ сэдэв өөрчлөгдөх үү?

-Мэдээж өөрчлөгдөнө. Ер нь монголчууд зөөлөн хайрын дуунд дуртай. Тиймээс бид шинэ хамтлаг гэдэг утгаараа хүний чихэнд сонсголонтой дуунуудаар уран бүтээлээ цогцлоосон. Магадгүй нэг л өдөр амьд хөгжимтэй дуулаад явж байхыг үгүйсгэхгүй шүү дээ.

-Та нарынхаар Улаанбаатар хотын залуус ямар чиглэлийн дуу сонсох дуртай бол?

Золбоо: -Миний бодлоор Монголын залуучууд гадаадын дуунуудыг түлхүү сонсдог болсон юм уу даа. Тэгээд ч Монголын хамтлаг, дуучдыг гадныхантай ихэд хариуцуулдаг юм шиг санагддаг. Шинэ уран бүтээл гаргахаар л энэ яг тэр хамтлагийг нь дуурайчихаж гэж шүүмжилдэг. Ингэж элдвээр хэлэхийн оронд Монголынхоо хамтлаг дуучдыг урмаар тэтгэж өгөх ёстой юм шиг ээ.

-Сүүлийн үеийн хамтлаг, дуучид аль болох гадаад үгийг сонгож уран бүтээл, хамтлагаа, нэрлэдэг болж. Та бүхний хувьд ямар учраас хамтлагаа “Far away” гэж нэрлэх болсон бэ?

- "Far away" гэдэг нь алс хол гэсэн утгатай юм л даа. Хамтлагаа мөнх байгаасай гэсэндээ ингэж нэрлэсэн.

-”Far away” хамтлагийн залуусын хобби юу болохыг сонирхуулаач?

Жаргалан аквариумны загас тэжээх, Золбоо сагс, хөлбөмбөг, теннис тоглох дуртай. Отгоо гоё хоол хийдэг юм. Харин Чука бүжиглэх, хувцсан дээр янз бүрийн чимэглэл хийх хоббитой гэж болно.

Т.Буманханд
Г.Буянжаргал

Эх сурвалж: "Нийслэл таймс"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш