logo
Монгол-Оросын харилцаа мухардалд орлоо гэж үү

Монгол-Оросын харилцаа мухардалд орлоо гэж үү

2012/06/09

Монголчууд дээлийн шинэ, нөхрийн хуучин  гэлцдэг нь учиртай.  Өдгөө энэ ёс жудаг улам л бүдгэрсээр байна. Хэдхэн жилийн өмнө бид оросуудыг “ах нар” хэмээн авгайлж, хойд хөршийнхөндөө нэн хүндэтгэлтэй ханддаг байлаа. Харин ардчилсан хувьсгалаас хойших 20 жилд  Орос орныг, оросуудыг дээдэлдэг тэр бичигдээгүй хууль салхинд хийсэх хамхуул мэт замхран одов. Аль алинд нь нийгмийн өөрчлөлт шинэчлэл явагдаж, улс орны удирдлага ч хэдэнтээ солигдов.

Муу нэртэй, луу данстай социализмын үед ЗХУ шиг, оросууд шиг манай оронд, монголчууд бидэнд тусалсан улс, үндэстэн  байхгүй. Улсын төсвийнхөө ихэнхийг тэдний зээлээр бүрдүүлж, ард түмнээ мөр бүтэн, гэдэс цатгалан явуулж байсан нь гарцаагүй үнэн билээ. 1921 оноос эхэлсэн хоёр орны шинэ үеийн сайн хөршийн найрсаг харилцаа өнгөрсөн 20 жилд үнэндээ урагш ахисангүй. Хойд хөршийн  шинэ үеийн удирдлага В.Путин, М.Касьянов, С.Лавров гээд томчуул Монголд айлчилж, манай орны  төр, засгийн томчуултай  уулзаж, ойр зуур асуудлаар гэрээ хэлцэл хийсэн. Гэвч хөрш хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, соёл урлаг гээд нийгмийн аль ч салбарт огт хөгжсөнгүй гэвэл хилсдүүлсэн болохгүй байх.

 Хүн төрөлхтөн хөршөө сонгодоггүй. Манай орон хоёр том хөрштэй. Хүссэн ч, эс хүссэн ч саахалт айлын санаа нэг гэдэг зарчмыг иш үндэс болгохоос өөр аргагүй. 1.5 сая ам км нутгаа зөөгөөд гурав дахь түнш Америкийнхаа хаяанд очоод буучихаж чадахгүйгээс хойш бидэнд ийм л сонголт бий. Монгол Улсын төсвийн дийлэнхийг 30-аад  жилийн  турш дангаараа бүрдүүлсэн, монголчуудын ганц “саалийн үнээ” уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг орос нөхөд барьж байгуулж өгсөн гэдэгтэй маргах хүн олон гарахгүй болов уу. Дэлхийд эхний аравт багтах энэ үйлдвэр шиг томыг байг гэхэд хүний нүдэнд харагдаж, сэтгэлд хоногшихоор бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг оросууд сүүлийн 20 жилд Монголд хийсэнгүй.  “Эрдэнэт”, “Монголросцветмет”, УБТЗ зэрэг хамтарсан үйлдвэр, аж ахуйн нэгжээ өөд татах талаар ч олигтой санаа тавьсангүй.

 Хэдийгээр бүрэлдэхүүнд нь байсан арван хэдэн улс туурга тусгаарласан  ч дэлхийн хүчирхэг гүрэн хэвээр байгаа ОХУ хөрш зэргэлдээ Монгол Улсад хөрөнгө оруулахыг чухам яагаад хүсэхгүй байгаа юм бол. Тэдэнд техник технологи, түүхий эд, тоног төхөөрөмж, мэргэшилтэй боловсон хүчин, хөрөнгө мөнгө огт дутаагүй. Европын холбоо, Ази, Африкийн олон оронд тэдний оруулж буй аварга том хөрөнгө оруулалт дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татаж байна шүү дээ. Орчин цагийн Орос оронд байтугай дэлхий дахинд нэрээ дуурсгасан том компани, корпораци хэдэн зуугаараа бий болж, бөмбөрцгийн аль ч өнцөгт бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай хөгжүүлж байна. Долларын тэрбумтнууд  хэдэн арваараа төрж, орос хүний ухаан, овсгоо самбааг үзүүлж  байна. Ийм  нөхцөлд тэд биднийг нэг нүдээрээ ч харахгүй байгаа нь хэн хүний сонирхлыг татаж буй юм.

 Монголчууд Орост төлөх их өрөө энд тэндээс гуйж байгаад төлөх нь төлсөн. Хэрвээ төлөөгүй байсан бол байдал одоо ямархуу байхыг хэн ч  хэлж мэдэхгүй.  Оросууд одоогоор  Монголд ханш өндөртэй шатахуун л нийлүүлж байх шиг байна. Хувцас хунар, хүнсний ойр зуурын бараа нийлүүлдэг биз дээ. Хөрш хоёр орны харилцаа хүйтэрснийг манай улстөрчид, тухайлбал, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас эхлээд Гадаад харилцааны сайдын бодлого, байр суурьтай холбон тайлбарлах нь бодит байдалд илүүтэй нийцэх болов уу.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэт” үйлдвэрт хамт ажиллаж, Зөвлөлтөд цэргийн сургуульд цуг сурч байсан атлаа орос хүнд тийм ч таатай ханддаггүй нь илэрхий байдаг. Оросын шинэ үеийн удирдлага ч түүнд сайнгүй. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хойд хөршийн хоёр дахь албан тушаалтан Монголд айлчилж, МАХН-аас нэр дэвшигчтэй уулзаж, амжилт хүсээд АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржтой уулзалгүй буцсан юм. Хүн л юм болохоор тэр үүнд юм боддог биз дээ. Ерөнхийлөгч болсноосоо хойш ч мөнхийн хөрштэйгөө харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар бараг ам ангайсангүй. Цаадуул нь ч үүнийх нь хариуд энэ муу пээдгэр бацаан гэх байр сууриас тоомжиргүй ханддаг ч байж  мэдэх. Хөөрхий муу Д.Дэмбэрэл дарга  хэчнээн чармайгаад юу бүтээх билээ дээ. Гэхдээ л хоёр орны хууль тогтоох дээд байгууллагын хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх талаар үнэндээ санаа тавьсангүй өдий хүрлээ. Төрийн Думын, Холбооны хурлын удирдлага, байнгын хорооны дарга, жирийн гишүүд Монголд үзэгдэх нь нүдний гэм болсон гэхэд хилсдэхгүй. Манай УИХ-ынхан ч хойд хөршийг тоодоггүй, Америк, БНСУ, Япон энэ тэр гээд л тойроод гүйгээд байдаг бололтой.

 Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх учиртай гүйцэтгэх засаглалын тэргүүн С.Батболд  олигтой идэвх санаачилга гаргахгүй байх шиг санагдана. Монгол Улсын гадаад харилцааны салбарыг атган суугаа Г.Занданшатар сайд ч энэ талаар сэтгэл чилээхгүй л байна. Эдгээр нөхдийн иймэрхүү урагшгүй ажиллагаа хөрш хоёр орны харилцааг  урагшлуулахад чөдөр тушаа болж байна биш үү. Манайхны дунд “шинэ үеийн оросууд” гэх нэр томъёо байдаг. Үүгээрээ хоёр орны харилцаа сайжрахгүй, дэвшилд хүрэхгүй байгаагийн учир шалтгааныг тайлбарлах гэж оролддог нь нууц биш. Нэгэн үе хүйтэрсэн Орос-Монголын харилцааны учир шалтгааныг шинэ үеийн оросуудаас хайх нь утгагүй хэрэг. Монголын удирдлагад ч шинэ үеийн монголчууд гараад ирсэн шүү дээ. Харин шинэ үеийн монголчууд шинэ үеийн оросуудтай хэл амаа олигтой ололцохгүй байгаа нь хоёр орны харилцааны хөгжилд саад тотгор болж байна гэвэл үнэнд арай илүү ойр болов уу.

 Одоо монголчуудын дунд хятад үндэстнийг ад шоо үзэх хандлага газар аваад байна. Ертөнц дээрх долоон хүн тутмын  нэгтэй нь хонь чоно болчихоод хэнтэйгээ  найзлах гэсэн юм бол.  Хувь заяаны төөргөөр монголчууд хятад, оростой хаяа нийлсэн юм. Гэхдээ өмнөд хөрштэй харилцаж буй байдал хойдынхоос хавьгүй илүү өргөн хүрээтэй, үр дүнтэй байгааг  гэрчлэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт цөөнгүй бий. Гэтэл оросуудтай эвийг нь олоод харилцах арга ухаан үнэхээр дутаад байна. Ганцхан баримт дурдъя. ОХУ-д мах нийлүүлэх талаар хэчнээн ч жил янз бүрийн түвшинд хэлэлцэв. Гэтэл үр дүн гэхээр юм бараг алга. Оросууд одоо махныхаа хэрэгцээг  хаа байсан Аргентин, Австралиас хангаж байна гээд бод доо.

Олон зууны турш айл саахалт оршсон, цаашид ч олон зуун жил хөрш байх хоёр орон, хоёр ард түмний  харилцаанд үндсэн эргэлт гаргахгүй бол эцсийн дүндээ Монгол Улс, монголчуудын эрх ашиг  л хохирч үлдэнэ.

Б.Билгээ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш