logo
Хааны алба халаатай

Хааны алба халаатай

2012/06/10
“Хааны алба халаатай, Эзний алба ээлжтэй” гэдэг. Дээдсийн үг. Монгол Улсын Их Хуралд 1992 МАХН; 1996 онд МҮАН-МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл; 2000 онд МАХН тус тус ээлжлэн олонх байж; 2004 онд энэ хоёр хүчний харьцаа тэнцэж; 2008 онд МАХН-45, АН-27, ИЗН-1, Иргэний эвсэл-1, бие даагч-1 суудал тус тус эзэлсэн. Уг нь тэр сонгуулиар 3 дахь хүчин болсон шинэ, шинэвтэр нам, иргэний эвсэл хөдөлгөөний төлөөлөл оролцсон гурван хүчинд жигд хуваагдаж тулгын гурван чулуу мэт суурь тогтох ээлж харагдаж байсан боловч, буруу зөрүү эргэж, будлиан самуун үүсэж, 7 сарын 1-нд хүрч замарсан. Өөрөөр хэлбэл сүүлийн 20 жил буюу Монголын Парламентийн түүхэнд ах 2 намын халаа солио, хэм тэнцэл явж, эцэстээ засаг засаглалын нэгэн хөнжилд орж МАНАН-тсныг бид мартах ёсгүй..
Гэхдээ хорин жил төр түшиж, засаг зассан хоёр намынхан маань ч магтуулж, мандуулж, матуулж, малтуулсаар ихийг хийсэн нь илэрхий, ингэх гэж сонгогдсон нь тодорхой.

Харин энэ 2012 оны сонгуульд гуравдагч хүчин буюу 2008 оны Их Хурлын сүүлийн гурван ганц ганц болох гишүүд өөрсдийн журмын нөхдийн хамт эвсэж нэгдээд оролцож байгаа нь нэн онцлог. ИЗНН-ын дарга С.Оюун намын жагсаалтаа тэргүүлж, 2008 оны бие даагч гишүүн З.Алтай Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, Иргэний эвслээс гарч ирсэн гишүүн Д.Энхбат ИЗНН-ын дарга атлаа энэ удаад ихээхэн “шаанстай” Их Хурлын сэнтийнээс татгалзаж өөрийгөө золиослоод эрхэм журмын нөхдөө дэмжих ар тал болон зогсож байгаа нь ч Монголын улстөрийн түүхэнд цойлж гарсан Иргэний Зориг, цоо шинэ үзэгдэл. Хамтын удирдлагын сэргэг соргог жишээ болсон гурав дахь дарга С.Дэмбэрэл жагсаалыг аман хүзүүлэн шинээр нэр дэвшиж байна.

Намын харъяаллаар албан тушаал хуваарилах тогтолцоо бол хувь хүнийг хэлмэгдүүлж, хувьсгалын хэргийг завхруулах, хулгай худлыг гааруулах үндсэн завхрал мөн гэдгийг сонгогч, сонгогдогч бүгдээр ухаарах цаг ирлээ.
Эрх мэдлийн сэнтийнээс, өрөөл бусдын өгөөшийг үмхчихээд гарах хэцүү, гаргах хатуу болчихсон элэг ураг нэгт “эрхэм түшээдээ” ч аврахад таны сонголт их үүрэг гүйцэтгэнэ. Төр засгийн бүхий л үе шатанд цул болсон булагнал, цус ойртсон бүлэгнэлээс тэднийг салгаж амраах хэрэгтэй байна. Хатигийг шахахын тулд толгойг нь ховхолдогоос биш тойруулаад огтолчихдоггүй шүү дээ. Шарх эдгэвээс, сорвитой ч гэсэн мах бие үлддэг нь зүй.
Тэгвэл ИЗНН эх орон, газар нутаг, итгэл үнэмшил, Их хурал, эдийн засаг, хувь заяаныхаа жинхэнэ эзэн нь иргэд олон түмэн өөрсдөө байх учиртай хэмээсэн эрх чөлөө – экологийн үзэлд тулгуурладаг. Энэ эрхээ эдлэх гэсэн иргэд олон нийт, сонгогч түмний эрмэлзэл, эр зоригийг төлөвшүүлэн тогтоох, төрийн хэргийг түмний хэрэг болгохыг зорин мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд энэ сонгуульд оролцож байгаа юм. Ардчилал жинхэнэ үнэнээрээ ард түмний өмч болох буюу: иргэнээр овоглосон, иргэний төлөө, иргэний оролцоот төр нийгэм тогтоох хараа зорилгын дор сонгогч, сонгогдогч олноо нэгдэхийг уриалан дуудаж ээлжит энэ сонгуульд оролцож байна. Энэ бол таны бас бидний хэрэгцээ.
Одоо цагт, “Олонд танигдсан хүнээ л сонгох” ухуулга дуулддаг нь “Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр” гэсэн л утгатай. Гэхдээ олонд юугаараа танигдсан гэдэг нь чухал. Хичнээн сайн таньдаг байсан ч чөтгөр л бол чөтгөр. Харин УИХ-д сууж, ИЗНН-аас дахин нэр дэвшигчдийн тухайд юуг хийж, ямар үүрэг гүйцэтгэж байсныг сонгогч олон мартах болоогүй, мартаж ч болохгүй. Захын жишээ гэхэд Авилгын тухай хууль санаачлаад, авилга өгөхөөс наахнуур тэмцэж байж батлуулсан нь одоо авилгалын ертөнцийг донсолгож, “акулуудын” зүрхийг дэнсэлгэж эхэллээ шүү дээ. “Хүнийг нөхрөөр нь шинж” гэдэг. Тэгвэл 2012 оны УИХ-ын сонгуульд ИЗНН-аас нэр дэвшигсэд бол энэ л хүмүүсийн зориг зорилго нэгтэнгүүд, эгэл жирийн дундаж иргэн таны бие төлөөлөгч, бодит илэрхийлэл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэх нь зүйтэй.
Эд бүгдийг харгалзан үзвээс энэ 2012 оны сонгууль бол хор найруулсан хольцоо хуйвалдаангүй, эвсэж ч, эсэргүүцэж ч чаддаг 3 дахь хүчин бүхий, магадгүй, шинэ хүчний Их Хурал бүрдүүлэх ээлжит эхлэл, боломж бололцоо мөн. 2008 онд УИХ-д бүрдэж чадаагүй гурвал тогтолцоо энэ жил нөхөн тогтож ч магад. Ийн аваас бурууд “улаан”, зөвд “ногоон”, санах цагт “шар” гурван өнгөөр улс орныхоо хөгжил хөдөлгөөнийг замын гэрэл лугаа адил зохицуулах болж мэднэ. “Шинэ дарсыг шинэ тулманд хийх” цаг иржээ.
Манай сурвалжлагч

Иргэний Зориг Ногоон Нам
Идэр Залуу Нэгэн Нам
Идэж Завшигсдад Нагаан Нам
Иргэдээ Зоригжуулдаг Нөгөө Нам
Иргэдийн Зорилгод Нийцэх Нам
Ихсийн Зиндааг Нураах Нам
Илүү Зоорь Нөөхгүй Нам
Иргэдээсээ Зугтаж Нүүхгүй Нам 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш