logo
Аль-Кайдагийн нөлөө бүхий удирдагчийг устгажээ

Аль-Кайдагийн нөлөө бүхий удирдагчийг устгажээ

2012/06/11
Абу Яаха ал-Либи бол Аль-Кайда бүлгийн хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг байсан юм. Тэрээр өөрөө тулалддаггүй байсан ч видео мэдэгдлүүдээрээ дамжуулан бүлгийнхээ байр суурийг илэрхийлдэг гол хүн байжээ. Шинжээч Пол Круикшанкийн ярьж байгаагаар Ливээс гаралтай Ал-Либи нь шашны мэдлэгтэй байсан учраас лалын дүрэм сургааль, ариун дайны тухай ярьж, Аль-Кайдагийн эгнээнд шинэ гишүүдийг элсүүлдэг байсан байна.
Даваа гаригт Америкийн тагнуулын төв газрын нисгэгчгүй онгоцоор Пакистаны баруун хойд хэсэгт орших Хойд Вазиристанд дайралт явуулж, Ал-Либиг болон зэвсэгт бүлгийн 15 гишүүнийг устгажээ. Харин энэ мэдээллийг Пакистаны тал баталгаажуулаагүй байна. Америкийн тал нисгэгчгүй онгоцоор агаараас цохилт өгөх нь ерөнхийдөө буураад байгаа. Он гарсаар 22 удаа л дайралт явуулжээ. Харин өнгөрсөн оны мөн үед 32 удаа агаараас цохилт өгсөн байна.
Америкийн албаныхны хэлж байгаагаар Ал-Либиг хөнөөсөн нь Ал-Кайда бүлэгт томоохон цохилт болжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэй Карни мэдэгдэхдээ "Тэрээр Аль-Кайдагийн ерөнхий менежер байсан гэхэд болно, туршлагатай хүн байсан" гэжээ. Харин Пентагоны төлөөлөгч Жон Кирби хэлэхдээ "Ал-Либи маш аюултай хүн байсан, тэрээр хорвоо дээр дахиж тоос хөдөлгөхгүй болсон нь хүн бүрийн хувьд сайн хэрэг" гэжээ.
Пакистанд нисгэгчгүй онгоцоор дайралт явуулах нь араасаа нилээд хэл ам дагуулж байгаа юм. Гэхдээ АНУ энэ ажиллагаагаа ойрын хугацаанд зогсоох шинжгүй байна. Пакистаны тал нисгэгчгүй онгоцоор дайралт явуулахаа зогсоохыг Вашингтоноос шаарджээ.
Барак Обама 2009 онд ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш энэ мэт агаарын дайралтын давтамж нэмэгдсэн бөгөөд олон зуун хүн алагдсан. Тэдний дунд Аль-Кайда болон Талибын удирдагчид, гишүүд төдийгүй гэм зэмгүй иргэд олон байсан нь Пакистанчуудын дургүйцлийг хүргээд байгаа юм.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш