logo
Каддафигийн үеийн тагнуулын газрын даргыг шүүж байна

Каддафигийн үеийн тагнуулын газрын даргыг шүүж байна

2012/06/11
Триполи хотын шүүх Ливийн хуучин засгийн газрын өндөр албан тушаалтнуудын нэг байсан Абу Зэид Омар Дордагийн хэргийг шүүж эхэлсэн байна. Одоо 68 настай тэрээр Муаммар Каддафигийн үед ерөнхий сайд, тагнуулын газрын даргаар ажиллаж байжээ. Дорда нь Каддафигийн хамгийн үнэнч дэмжигчдийн нэг байсан байна.
Түүнийг өнгөрсөн онд жагсагчид руу гал нээх тушаал өгсөн зэрэг зургаан зүйл ангиар буруутгасан ч тэрээр өөрийгөө ямар ч буруугүй гэж мэдэгдсэн байна. Гэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлт тавьсны дагуу шүүх хурлыг энэ сарын 26-ныг хүртэл хойшлуулжээ.
Каддафиг алагдахаас нэг сарын өмнө буюу 2011 оны есдүгээр сард Дордаг баривчлаад байсан юм. Ажиглагчдын хэлж байгаагаар түүний хэргийг хэрхэн шүүхээс өнөөгийн Ливи улсын шүүх тогтолцооны нүүр царай харагдах аж.
Дордагийн дүү Абдулла ахыгаа буруугүй, түүнд тулгасан хэргүүд үндэслэлгүй гэж үзэж байгаагаа хэлжээ.
Олон улсын эрүүгийн шүүх Ливид хоригдож байгаа Каддафигийн хүү Сэйф Ал-Ислам болон түүний хамаатан, цэргийн тагнуулын газрын дарга байсан Абдулла ал-Сенусси нарыг дайны гэмт хэрэгт буруутгаад байгаа. Гэхдээ Ливийн одоогийн удирдлагууд тэднийг эх оронд нь шүүх саналтай байна.
Хүний эрхийн хуульч Сала Марганигийн хэлснээр Ливид одоогоор долоон мянга гаруй хүнийг хорьж байгаа бөгөөд тэдний талаас илүү хувь нь өнгөрсөн оны бослогын үеэр тулалдаж байсан зэвсэгт блгийнхний хяналтанд байна. Хоригдогсдын дунд гэм зэмгүй хүмүүс олон байж магадгүй ажээ. Хуульчийн ярьснаар хууль зүйн яамны хараа хяналтаас гарсан босогчид хүмүүсийг хорьж, тамлан зовоож байгаа тухай мэдээлэл ирсээр байгаа юм байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш