Өмнөд Америкийн Перу улсын нийслэл Лимад нэгэн ахлах сургуулийн сурагчид болон эцэг эхчүүд сургуулийнхаа хаалгыг эвдэн дайрсан байна. Тэд сургуулийн захиралдаа албан тушаалаа ашиглан сургуулийн мөнгө идсэн, сургууль дээрээ дандаа согтуу байдаг гэж буруутган, түүнийг захирлын суудлаас нь унагахаар дайрч байгаа нь энэ юм байна. Цагдаагийн албан хаагч сургуулийн барилгыг хамгаалж, эмх замбраагүй байдал хяналтаас гарахаас сэргийлж ажилласан боловч сурагчид хэтэрхий олон байсан байна. Удаан тэмцсэний эцэст сурагчид болон эцэг эхчүүд захирал Феликс Нунагийн ажлын офист нэвтэрчээ. Захирал Феликсийг гадагш чирч гарган сурагчдын дунд будаг, гурил шидэн доромжилсон байна. Сургуулийн захирал эрх мэдлээ ашиглаагүй, мөнгө шамшигдуулаагүй гэж зүтгэсээр байсан юм. Цагдаа нар сургуулийн захирлыг авч явсан. Феликс Нуна цаашид сургуулийг толгойлж ажиллах нь тодорхойгүй үлдсэн байна.