logo
“Батаар” Монголын газар нутгаас олдсон болохыг албан ёсоор нотоллоо

“Батаар” Монголын газар нутгаас олдсон болохыг албан ёсоор нотоллоо

2012/06/12
АНУ-ын Нью-Йорк хотноо өнгөрөгч тавдугаар сард “Батаар” хэмээх тиронозаврын ясыг дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай мэдээлэл дэлхий дахины анхаарлын төвд байгаа. Үлэг гүрвэлийн үлдэгдэл яс Монгол Улсаас хууль бусаар хил давуулсан байх магадлалтай учир шүүхийн шийдвэр гартал гэсэн нөхцөлтэйгээр дуудлага худалдаанд оруулсан юм.
Харин саяхан америк, канад, монголын мэргэжилтнүүдийн хамтарсан баг энэхүү үлэг гүрвэлийн ясыг Монголын газар нутгаас олдсон болохыг албан ёсоор нотоллоо.
АНУ-ын Үндэсний түүхийн музейн палеонтологич Марк Норрель “Бид газар дороос үлэг гүрвэлийн яс олныг гаргаж авч байлаа. Энэ тал дээр нөр их туршлага хуримтлуулсан. Туршлага дээрээ үндэслэн энэхүү ясыг Монголын газар нутгаас олдсон гэдгийг бид мэргэжлийн хүмүүсийн хувьд баталж байна” хэмээв. Марк Норрель өөрийн хамтран зүтгэгч Филип Кюрригийн хамтаар энэхүү мэдэгдлийг албан ёсоор хийсэн ба үүнтэй Монголын мэргэжилтнүүд санал нэг байгаа юм.
Мэргэжилтнүүдийн мэдэгдэл дуудлага худалдааны эцсийн шийдвэрт хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна. Энэхүү үлэг гүрвэлийн ясыг өнгөрсөн тавдугаар сарын 20-нд дуудлага худалдаанд оролцсон нэрээ хэлээгүй нэгэн худалдан авахаар 1.1 сая ам.долларын үнэ хэлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан “Үлэг гүрвэл “Батаар”-ыг Монголд эргүүлж өгнө гэдэгт бид эргэлзэхгүй байна. Монгол Улсын хуулийн дагуу Монголын нутгаас малтсан үлэг гүрвэлийн яс төрийн өмч байдаг. Үлэг гүрвэлийн ясыг Монголд хүлээлгэж өгөх нь АНУ, Монголын сайн харилцааг нотлон харуулах төдийгүй үлэг гүрвэлийн ясыг хууль бусаар малтаж, хар зах дээр наймаалдаг этгээдүүдэд хатуу сануулга болох юм” хэмээв.
Үлэг гүрвэл “Батаар” нь говийн Нэмэгтийн орчмоос олдсон гэж мэргэжилтнүүд үзжээ. Марк Норрель “Энэхүү үлэг гүрвэлийн ясны цайвар тод өнгө, ясны цууралт дундын улаан эд зэрэг нь Монголоос гаралтай гэдгийг нотолж байна. Энэхүү үлэг гүрвэлийн ясыг малтан гаргах ажлыг тааруухан гүйцэтгэсэн тул 75 хувь нь бүрэн бүтэн үлдсэн байх” гэв.
Денверийн Байгаль, шинжлэх ухааны музейн эрхлэгч Кирк Жонсон “Энэ явдал бусад дуудлага худалдаанд их сургамжтай зүйл боллоо. Учир нь АНУ-д бусад улсаас авчирсан үлэг гүрвэлийн ясыг зарах дуудлага худалдаа олонтаа болдог. Тэдний үүсэл гарлыг тогтоохгүй байх тохиолдол цөөнгүй. Иймээс бид энэ явдлаас сургамж авч цаашид болгоомжтой хандах болно” хэмээжээ.
Үлэг гүрвэлийн маргаан дэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлын хэсэг томилж, “Батаар”-ын үүсэл гарлыг тогтоох үүрэг өгсөн. Үүний дагуу Канадын Филип Кюри, АНУ-ын Марк Норрель, Монголын Ц.Хишигжав, Б.Минжин нарын эрдэмтдийн баг хамтран ажилласан юм. Мөн Энн Олтмэн, Б.Чойсүрэн, Б.Наранзун, Роберт Пэйнтэр, Таня Пэйнтэр, П.Цагаан нарын албаны хүмүүс ажиллажээ.
Хуульч Роберт Пэйнтэр “Бид гар нийлэн хамтран ажиллаж, үлэг гүрвэлийн үүсэл гарвалийг тогтоохын тулд судалгаа явуулсан. Шуурхай ажилласны ачаар “Батаар” үлэг гүрвэл нь Монголоос олдсон гэдгийг тогтоож чадлаа. Монголын газар нутгаас олдсон үлэг гүрвэлийн ясыг хилээр давуулахыг 1961 онд Монголын хуулиар хориглосон байдаг. Иймээс энэ нь хууль бус худалдаа юм. Хууль бус ажиллагааг зогсоохын тулд Нью-Йорк хотын Өв соёлын дуудлага худалдааны газар хамтран ажилласанд талархаж байна. Тус байгууллага шүүхийн шийдвэр гартал дуудлага худалдааны эцсийн шийдвэрийг хойшлуулж, бидэнд хугацаа өгсөн” гэжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш