Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд Н.Энхбаярын шүүх хурал энэ сарын 21-ныг хүртэл хойшлууллаа. Учир нь Н.Энхбаярын хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж буй Б.Оюунбилэг нь МАХН-аас УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрог буюу Говь-Алтай аймагт нэр дэвшин өрсөлдөж байгаа, сонгуулийн сурталчилгааны ажлаар тус аймгийг зорьсон тул шүүх хуралд хүрэлцэн ирсэнгүй. Тиймээс Н.Энхбаяр шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцохгүй хэмээн хурлын товыг хойшлуулах хүсэлт тавьжээ. Шүүх хуралдаан эхлэхэд шүүхийн гадна цагдаагийн ачлагын машин ирсэн байсан нь намынх нь дэмжигчдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм.