logo
Сирид иргэний дайн дэгдсэнийг мэдэгдэв

Сирид иргэний дайн дэгдсэнийг мэдэгдэв

2012/06/16
НҮБ-ын ажиглагчдын тэргүүн Эрве Ладсус Сирид иргэний дайн дэгдсэнийг лхагва гарагт мэдэгджээ. Тэрбээр үүнтэй холбоотой сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, "Сирийн одоогийн байдлыг "иргэний дайн" гэж нэрлэж болохоор байна" гэжээ. Түүний хэлснээр, Сирийн Засгийн газар нутаг дэвсгэрийнхээ дийлэнх хэсэгт мөн зарим хотуудад хяналтаа алдсан бөгөөд харин одоогийн байдлаар эргүүлэн авахыг оролдож байна.
Ажиглагчдын тэргүүн мөргөлдөгч талууд хуягт техник, их буу, байлдааны онгоцууд гэх зэрэг хүнд зэвсэг хэрэглэж эхэлсэн явдал дээр үндэслэн мэдэгдлээ хийжээ.
Ладсусын мэдэгдлийг Сирийн Засгийн газар ч, мөн сөрөг хүчнийхэн ч эсэргүүцсэн байна. НҮБ-ын ажилтнууд дүгнэлтээ хийхдээ "бодит байдлыг үндэслээгүй" гэж Дамаскийн эрх баригчид мэдэгдсэн бол босогчид тэдний бослого хөдөлгөөн нь "энхийн зорилготой" бөгөөд харин зөвхөн "өөрийгөө хамгаалахын тулд" хүч хэрэглэж байгаа, Сирийн харгис дэглэмийг түлхэн унагах хүртэл өөрсдийгөө хамгаалах болно гэж мэдэгджээ.
Хэдийгээр Сирийн эрх баригчид болон сөрөг хүчнийхэн түр эвлэрэх гэрээ байгуулсан боловч тус улсад өдөр бүр хэдэн арван хүн амиа алдаж байгаа ширүүн тулалдаан үргэлжилсээр байгаа юм. Сүүлийн долоо хоногуудад Сирийн арми босогчдын эсрэг байлдааны онгоц, тухайлбал дайралтын нисдэг тэрэг хэрэглэх болжээ.
Харин үүний өмнө гадаадын улс орнуудын албан ёсны төлөөлөгчид болон олон улсын байгууллагууд Сирид болж буй үйл явдлыг иргэний дайны ирмэгт тулаад байна гэж мэдэгдэж байсан юм.
Түүний сацуу Өрнөдийн болон Арабын орнууд Сирийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зэвсэгт террорист бүлэглэлүүдэд зэвсэг нийлүүлсээр байна гэж ОХУ-д суугаа Сирийн Элчин сайд Мухаммед Хаддад пүрэв гарагт мэдэгджээ.
"Франц гэх зэрэг барууны зарим орнууд болон Арабын улсууд Кофи Аннаны төлөвлөгөөг нураахын тулдбүх зүйлийг хийж байна... Тэд террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлж, зэвсэг нийлүүлсээр байна" гэж тэрбээр хэлсэн байна.
Элчин сайдын хэлснээр, босогчид хүмүүсийг барьцаалан авч, дэд бүтцийн байгууламжуудыг сүйтгэн, замуудыг хаан, энгийн иргэдийг хөнөөж байна. "Өөрсдийгөө сөрөг хүчин гэж нэрлэж байгаа хүмүүс тэдэнд зэвсэг нийлүүлэн, санхүүжүүлж, мэдээллээр хангаж байна" гэж тэрбээр хэлжээ. Энэ бүхэн нь НҮБ болон АУХ-ны тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд саад болж байгаа бол Барууныхан уг төлөвлөгөөг хэрэгжиж байгаа эсэхийг огтхон ч сонирхохгүй байна гэж тэрбээр үзэж байна.
Д.Жаргал 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш