logo

"Халуун элгэн нутаг" дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2012/06/16
Ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Намсрайжав агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Хөгжмийн зохиолчийн мэндэлсний 85 жилийн ойн хүрээнд Улсын Филармонийн үе, үеийн уран бүтээлчид, XX зууны манлай дуу "Халуун элгэн нутаг" дууны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв. Мөн энэ үеэр Улсын филармонийн уран бүтээлчид симфони найрал хөгжмийн хамт “Халуун элгэн нутаг” дууг эгшиглүүллээ. Мөн өдрийн орой Ц.Намсрайжавын мэндэлсний 85 жил, симфони найрал хөгжим үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан “Хүндэтгэлийн концерт” ДБЭТ-ын тайзнаа болох юм. Тоглолтод Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын уран бүтээлүүд, симфони оркестрын тоглосон шилдэг бүтээлүүд эгшиглэх нь ээ. Энэхүү тоглолтыг Ц.Намсрайжавын хүү МУГЖ Н.Бүтэнбаяр удирдан тоглуулах аж. Тэрбээр аавынхаа ажлыг үргэлжлүүлэн Улсын филармонийн уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар 20 жил ажиллаж байна. Энэ үдэш Ц.Намсрайжавын зууны манлай дуу “Халуун элгэн нутаг”, “Баярын удиртгал” гэх мэт гайхамшигт бүтээлүүд болон Бетховений алдарт IX симфони зэрэг шилдэг бүтээлийн дээжээсээ үзэгчдэдээ толилуулах юм байна.

Д.Догсмаа
МОНЦАМЭ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш