logo

"Туурайн төвөргөөн" наадам эхэллээ

2012/06/19
"Туурайн төвөргөөн 2012" шинэ хөгжим, ардын урлагийн олон улсын их наадмын нээлт Үндэсний түүхийн музейд боллоо. Энэ сарын сарын 18-30-ны хооронд болох тус наадамд ХБНГУ, Швейцарь, Австри, Бразил, АНУ, Францын төлөөлөгчид оролцож байгаа юм. Нээлтээ нийслэлд хийгээд дараа нь энэ сарын 19-23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хот, Данзанравжаагийн музей, Саран хөхөө театрын туурь, Хамрын хийд, Дэлхийн энергийн төв зэрэг түүх дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудад цуврал концертууд аялан тоглолтоо зохион байгуулах юм байна.
Монголын шинэ хөгжмийн ассоциациас санаачлан жил бүр зохиодог уг наадам энэ жил Улаанбаатар , Дорноговь, Өвөрхангай аймагт болно.
"Туурайн төвөргөөн" хөгжмийн их наадам нь 1999 оноос жил бүр тасралтгүй болж дэлхийн 100 орны 1500 гаруй хөгжимчид, уран бүтээлчдийг оролцуулжээ. Гадаадын уран бүтээлчид төмөр замаар явж үзэхийг ихэд хүсч байгаа тул 50 уран бүтээлчийн баг төмөр замаар аялах гэнэ. Их наадмын үеэр Дорноговь аймгийн Саран хөхөө театрын хөгжимчид уран бүтээлчид тоглолтоо өргөн барихаас гадна дэлхийн орчин үеийн урлагийн хөгжимчидтэй хамтран говийн зуны академи сургалт, олон улсын бага хурал, Шилмэл загвар компани шилдэг загваруудаа үзүүлнэ хэмээн "Шинэ хөгжим" ассоциацийн тэргүүн С.Бадамхорол ярив. Өвөрхангай аймгийн тоглолт илүү их онцлог шинжтэй байх нь. Энэ сарын 25-29-нд Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд Баянговь жуулчны бааз, Хархорин-Эрдэнэ зуу хийд, Эрдэнэ Хамбын хийд-Хөгнө Хан уул, Өндөр гэгээн Занабазарын туурь, Нийслэлийн туурь зэрэг түүх дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудад цуврал тоглолтоо хийнэ. Их наадмын үеэр эрийн гурван наадам, бөө, хөөмэйн олон улсын бага хурал, говийн зуны академи болон төрийн зайран Д.Бямбадорж бөөгийн зан үйл хийх ажээ.
Х.Хорлоо 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш