Тавхан минут үргэлжлэн орсон борооны дараа Дарь-Эхийн шинэ буудлын орчимд буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутагт гэнэтийн үер бууж тэр хавийн газар нутаг гамшгийн хэмжээнд орлоо. 15 айлын хашаа нурж, 4-5 айлын гэр урсаж, нэг хүүхэд гурван том хүн үерийн усанд урссан, мөн тийм тооны машин урссан гээд тоочоод байвал гарсан хохирол их байсан юм. Манай сурвалжлах хэсэг үер буусан газарт очиход тус дүүргийн Засаг даргын орлогч Д.Энхбаяр, 21 дүгээр хорооны Засаг дарга, Нийслэлийн онцгой байдлын аврах ангийн залуус үерт өртсөн гэр, байшингийн үлдэгдэл, мөн тухайн хэсгийн хог шороог цэвэрлэж байлаа. НОБГ-ын гурван гал машин гамшгийн бүсэд ажиллаж байсан юм. Мөн үер буухад урсаж байсан гурван сартай жирэмсэн эмэгтэй, нэг хүүхэд болон бусад хүмүүсийг дүүргийн эмнэлэгт хүргэсэн байлаа. Түрхэн зуурын борооноос үүссэн үерийн гамшиг хэр хэмжээний хохирол дагуулсныг элдэв тайлбаргүйгээр фото сурвалжлагаар хүргэж байна.