logo
Хорт хавдарыг эрт илэрүүлэх боломж бүрдлээ

Хорт хавдарыг эрт илэрүүлэх боломж бүрдлээ

2012/06/22
Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслөөс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д умайн хүзүүний дуран, цахилгаан гогцоогоор өөлөгч аппарат бусад дагалдах багаж хэрэгслийн хамт хүлээлгэн өгсөн байна.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас батлан хэрэгжүүлж байгаа "Хорт хавдраас сэргийлэх, хянах дэд хөтөлбөр" -ийн зорилт, үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл, ЭМЯ хамтран хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлт, оношлогоо эмчилгээний асуудлыг орон даяар бүх аймаг, дүүрэг, өрх, сумдын эмнэлгийн хэмжээнд цогцоор нь шийдвэрлэх томоохон ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа юм. Манай оронд сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хавдар эмэгтэйчүүдийн хавдрын дунд хоёрдугаарт орж, өвчлөлийн тохиолдол эрс нэмэгдсээр байна. Иймд энэ асуудалд анхаарал хандуулж, зорилтот үйл ажиллагааны хүрээнд ММСС-гийн Эрүүл мэндийн төслөөс ЭХЭМҮТ-д умайн хүзүүний эмгэгийн эрт илрүүлгийн оношлогоо эмчилгээнд хэрэглэх 27 сая гаруй төгрөгийн багаж тоног төхөөрөмж гардуулсан юм.
ЭХЭМҮТ-ийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникт жилд 40- 46 мянган хүн үйлчлүүлдгээс 10 гаруй мянга нь эмэгтэйчүүдийн кабинетаар оношлогоо, шинжилгээ хийлгэдэг байна. Тус төв шинэ тоног төхөөрөмжтөй болсноор эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдарыг эрт илрүүлэх боломж бүрдлээ.
Хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд ММСС-гийн Эрүү мэндийн төслийн захирал А.Мөнхтайван, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, ЭХЭМҮТ-ийн гадаад харилцаа, сургалт хариуцсан дэд захирал П.Эрхэмбулган, ЭХЭМҮТ-ийн Эх барих эмнэлгийн захирал С.Хишгээ, ЭХЭМҮТ-ийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эрхлэгч Я.Хишигсүрэн нар оролцов.
Д.Өлзий 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш