Үндэсний баяр наадмын дараах бага наадам гэж хэлж болох “Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоороо ирэх сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд болно. Дахин давтагдахгүй, чамин хийц, өнгө загвартай Монгол дээл өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд орсон нь Монголчуудын оюуны цар хүрээ, соёлын түвшин өндрийг илтгэж байна. Дэлхийн шилдэг хувцсаар тодорхойлогдсон Монгол дээлээ гадаад, дотоодынхонд сурталчилах зорилготой “Дээлтэй Монгол” наадмыг нийслэлчүүд зургаа дахь жилдээ ийнхүү зохион байгуулах гэж байна. Анх 1000 гаруй хүнийг хамарч байсан наадамд өнгөрсөн жил 10 мянган дээлтэй Монгол оролцсон нь наадамд хамрагдах иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байгааг харуулж байна. Наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг ахалж байгаа бөгөөд “Улаанбаатар хотын аялал жуулчлал-2015” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг “Дээлтэй Монгол” наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах, даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноороо жуулчдын сонирхлыг илүү их татах, хүүхэд, залуучуудад түүх, соёлоороо бахархаж, хайрлах сэтгэлийг төрүүлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, монгол үндэсний хувцастай парад, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг, шагайн харваа болох юм.
Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, монгол үндэсний хувцастай парад, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг, шагайн харваа болох юм.