Өнгөрсөн гуравдугаар сард Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Сонгинохангай” компанийн “Миний дэлгүүр” сүлжээнд шалгалт хийж, багагүй зөрчил илрүүлсэн тул зөрчлөө арилгах сарын хугацаатай албан шаардлага өгчээ. Тиймээс дахин шалгалт хийж, тус компанийн 17 сүлжээ нийт 18 дэлгүүр хамрагдсан байна. Тухайлбал, ХУД-т байрлах “Миний дэлгүүр” сүлжээний 108-р салбарын барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн актгүй байжээ. Мөн Чингэлтэй дүүрэгт байрлах 366 дугаар дэлгүүр нь тоног төхөөрөмжийн цэвэрлэгээ ариутгал туйлын хангалтгүй, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүний тэмдэглэгээг хийгээгүй, БЗД-ийн 106 дугаар салбарт нь 20 нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинжилгээ баталгаажилтгүй худалдаалж байсан аж. Түүнчлэн БГД-т байрлах 355, 372, 373, СБД-ийн 330-р салбар “Миний дэлгүүр” сүлжээ тус тус шаардлага хангахгүй болон хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг борлуулж байсныг тогтоожээ. Тиймээс БЗД-ийн 106, ЧД-ийн 333, СБД 330 дугаар салбаруудын үйл ажиллагааг нь зогсоож, бусад зөрчил бүхий найман нэгж салбарт нь 2,2 сая төгрөгийн торгууль, таван албан хаагчид 200 мянган төгрөгний торгуулийг тус тус тавьсан байна.