logo
Хойд Солонгосын баруун хэсгийн мужуудад ган болжээ

Хойд Солонгосын баруун хэсгийн мужуудад ган болжээ

2012/06/26
Умард Солонгост хур бороо багатай байна. Төрийн мэдлийн KCNA телевизээр мэдээлснээр Хойд Солонгосын баруун хэсэгт ган болжээ. Зөвхөн нэг мужид л гэхэд хэт хуурайшилтаас болж 20 мянган гектар ургац сүйдсэн байна.
Өмнөд Солонгосын Йонхап агентлагаас мэдээлснээр Хойд Солонгост нүүрлээд байгаа хүнсний хомсдол гангаас болж улам газар авч магадгүй байгаа аж. НҮБ-аас мэдээлснээр Умард Солонгост гурван сая хүнд яаралтай хүнсний тусламж олгох шаардлагатай байгаа юм байна.
Зарим ажиглагчдын мэдээлдгээр 24 сая хүн амтай Умард Солонгосын удирдлагууд зэвсэглэл, цэрэг армидаа ихэнх төсөв хөрөнгөө зарцуулдаг бөгөөд энэ улсад ядуурал өлсгөлөн газар авчээ. Барууны улсууд Пхеньян гадны улсуудаас олгосон хүнсний тусламжийг өлсгөлөнд нэрвэгдсэн ард иргэддээ биш цэрэг армидаа зарцуулж байж магадгүй гэж үздэг.
Умард Солонгос 1945 онд Японоос чөлөөлөгдсөний дараа Ким Ир Сен хүчирхэг, баян чинээлэг улсыг байгуулна хэмээн амлаж байжээ. Харин 70 жилийн дараа түүний ач хүү, их удирдагч Ким Чен Ун  ард түмнээ тэжээж чадахгүй байна. Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны мэдээлснээр Хойд Солонгос өнгөрөгч дөрөвдүгээр сард пуужин хөөргөхөд ойролцоогоор 850 сая доллар зарцуулжээ. Энэ нь өлсгөлөнд нэрвэгдсэн хүн амын 80 орчим хувийг буюу 19 сая хүнийг бүтэн жил тэжээхэд хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгө юм байна. Дэлхийн банкнаас мэдээлснээр Умард Солонгосын хүн ам 2010 оны байдлаар 24.3 сая байжээ. Энэ улсад жилд 400 мянган тонн хүнс дутагдалтай байдаг учраас олон улсаас тусламж авах шаардлагатай байдаг юм. Хойд Солонгост гурван хүүхэд тутмын нэг нь хүнс тэжээлийн дутагдалд орсон байна. Умардын тал пуужин хөөргөхөө зарласны дараа АНУ Пхеньянд олгохоор төлөвлөж байсан 240 мянган тонн хүнсний тусламжаа цуцалсан юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш