logo
Солонгосын дайн 1950 оны 06-р сарын 25-нд эхэлж байжээ

Солонгосын дайн 1950 оны 06-р сарын 25-нд эхэлж байжээ

2012/06/26
1990-ээд оноос хойш Хойд Солонгосын 23.000 гаруй иргэн эх орноосоо дүрвэж, Өмнөд Солонгост ирсэн байдаг юм. Тэдний төлөөлөл болсон хүмүүс 400.000 гаруй ухуулах хуудас болон Өмнөд Солонгосчуудын амьдралыг харуулсан DVD бүхий агаарын бөмбөлгүүдийг Сөүл хотын ойролцоогоос Хойд Солонгос руу хөөргөсөн байна.
Умардаас дүрвэн ирсэн Парк Сан-Хак хэлэхдээ "Хойд Солонгосын тал түрэмгийлснээс хойш 62 жил өнгөрсөн байна, энэ улсын удирдлагууд ард түмэндээ Америкийн империалистууд, Өмнөд Солонгосын бусдын гар хөл бологсод хамгийн түрүүнд халдан түрэмгийлсэн гэж ухуулдаг, тэгвэл энэ нь худал зүйл гэдгийг Хойд Солонгосчуудад мэдүүлэхийн тулд бид ийм үйл ажиллагаа зохион байгуулж байна" гэжээ.
Хойд Солонгосын арми гэнэт дайралт хийсний дара аСолонгосын дайн эхэлж байсан түүхтэй. 1950-53 оны хооронд үргэлжилсэн энэ дайны уршгаар гурван сая хүн амь үрэгдсэн гэж үздэг байна. Хоёр Солонгос гал зогсоох тохиролцоонд хүрснээр дайн өндөрлөж байсан ч хоёр тал энхийн гэрээ байгуулж байгаагүй юм.
Өнгөрсөн онд Араб Хойд Африкийн зарим орнуудад ардчиллын төлөөх бослого тэмцэл ид хүчээ авч байх үеэр Өмнөд Солонгосын идэвхтнүүд болон зарим улс төрчид Тунис, Египетийн ард иргэд дарангуйлагчдын дэглэмийг түлхэн унагасан талаарх мэдээллийг багтаасан DVD, зурагт хуудас зэргийг агаарын бөмбөлгөөр хойр хөрш рүүгээ илгээж байжээ. Дэлхий ертөнцийн талаар хомсхон мэдлэгтэй Хойд Солонгосын иргэдэд ард түмний сүр хүчийг ийм арга замаар харуулахыг тэд зорьж байсан байна. Ард иргэд дарангуйлагчдыг төрийн эрхнээс буулгасан тухай мэдэх нь Хойд Солонгосчуудын сэтгэлгээнд өөрчлөлт гарахад хэрэгтэй гэж зарим идэвхтнүүд хэлжээ.
Харин шинжээчид хойд Солонгост өөрчлөлт гарах нь тун удаан, хатуу хяналттай тус улсад хувьсгал гарах нь бараг боломжгүй гэдгийг онцолсон байна. Сөүлийн Күүкмин их сургуулийн профессор Андрей Ланков хэлэхдээ "Египетийн иргэд интернет ашиглах боломжтой байсан, харин энэ зүйл хойд Солонгост бараг байдаггүй, Египетчүүд гадныхантай ярилцах боломжтой байдаг бол Хойд Солонгосчууд тусгай зөвшөөрөл авсныхаа дараа л ингэж чадна,   Египетэд сөрөг хүчний намд элсэж болох бол Хойд Солонгост сөрөг хүчний нам огт байхгүй, тэд харилцаа холбоо муутай, тусгаарлагдсан, удирдагчаасаа их айдаг" гэжээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш