logo
Нээлт /Шог өгүүллэг/

Нээлт /Шог өгүүллэг/

2012/06/26
Утаагаар амьсгалж явсаар хордлогонд оров уу, сүүлийн үед тархи толгойд янз бүрийн “хий үзэгдэл” шиг юм орж ирэх боллоо. Айлуудын янданг гадагш нь гаргахгүй газар доогуур матийлган шургуулж, утаа сорох нэгдсэн сүлжээний том хоолой руу оруулан утааг газар доогуур дамжуулан утаа боловсруулах үйлдвэрт хүргэнэ. Боловсруулах үйлдвэр хорт бодисуудыг ялган авч, бэлчээр сүйтгэдэг хортон мэргэчид, бүр хортон шавьж болох ялаа, шумуул устгах хор ч гаргаж авах боломжтой. Илүү дутуугаа гадаадын дарангуйлагч нарт зарж хэдэн ногоон зулгаах наймаа ч бий. Тэгэхдээ “хор”-оор “тоглоод” дэмий байх аа.

Нөгөө зээл өгч аминд ордог том гүрнүүд чинь химийн хорт бодис үйлдвэрлэсэн гээд олон улсын сенсаац дэгдээд гай болно. “Хойд Монгол” гээд хориг тавиад унана. Тэрэнд орох нь ээ жоомоо “чадхийлгээд” сууж байх нь нэрэнд цэвэр. Толгойгоо сайн ажиллуулвал утаан дотор байгаа нүүрс хүчлийн дутуу шатсан ислээс түлш шатахуун боловсруулж, оросуудаас  царайчлахгүй байх бололцоотой. Миний нээлтийн хамгийн сэтгэл хөөрөлд орох хэсэг бол энэхүү утаанаас шингэн түлш гарган авч, үйлдвэрлэл явуулахад оршино.

Сургуулийнхаа химийн кабинетэд хэдэн сар суусаных “Эврика” гэдэг үгийг монголоор хэлэх эрхтэй боллоо. Төрсөн дүү минь санхүү эдийн засгийн мэргэжилтэн болохоор “тооцоо”-ны асуудлыг нь долоо хоногт жин тан. Хавтастай төслөө бариад Сүхбаатарын талбай дээр очлоо. Их жанжин болон эзэн дээд Чингис хааныхаа хөшөө барималд, засгийн газрынхаа ордонд сүсэглэн залбирч, эх орон минь удахгүй түлш шатахууны хувьд гадаад улсын “хараат”-аас гарах ерөөл тавив. Ингээд засгийн газрын ордон руу явдлаа хурдаслаа. Үүдний харуул үнэмлэх бичгийг минь нарийн нягтлан үзэж, намайг гэдсэндээ “тэсрэх бөмбөг” нуусан өөрийгөө золиослогч, алан хядагч биш итгэснийхээ дараа холбогдох албан тушаалтанд илтгэж, орохыг зөвшөөрөв.

Залуугаараа “бүдүүр”-сэн түшмэл нүднийхээ шилний цаанаас намайг сонжин харснаа “Эрүүл мэндийн үзлэгээр орж эрүүл гэсэн бичиг олж ир” гэж үүрэг өглөө. Намайг нэг солиорсон нөхөр явж байна гэж боджээ янз нь. Жирийн нэг багш хүн “нээлт” хийхийг “солиорол” гэж боддог юмуу хаашаа юм бэ, дургүй хүрээд даргатай чинь уулзъя гэвэл оросын холбооны улс руу ажлаар явсан гэх юм. Бодвол, оросуудаас гуйлга гуйн, шатахуун түлш нийлүүлэхээр явсанаас гарцаагүй. Гэрээ хэлцэл гэж водкадаж явахаар өөр арга чарга байна уу гэж нэг удаа тархиа гашилгаж үзсэн бол уу. Хотын утаан дотор “бөөн мөнгө” нүүгэлтэж явахад бэлэнчлэх сэтгэлгээндээ хөтлөгдөөд, хүнээс гуйж явах гэж дээ...

Уур гарсныхаа маргааш дүүргийнхээ эмнэлэгт очиж бүх шинжилгээ өглөө. Ялангуяа мэдрэлийн эмчийг үзлэгийн алхаараа тархин дундуур сайн тоншоорой гэж гуйлаа. Түүнээс мэдрэлтэй хүн үү мэдрэлгүй хүн үү гэдгийг минь сайн тогтоож өгөөрэй гэж аминчлав. Эмчийн бичиг бүрэн болсоны дараа нөгөө л “тойргоор”-оо хэрэгжүүлэх агентлагийн түшмэлд бараалхахаар шогшлоо. Сүхбаатарын хөшөөг нар зөв тойрч, эзэн Чингис хааныхаа хятадад цутгасан сонин бие галбиртай барималд мөргөөд, хамгаалалтын цагдаагийн ам хэл “сугалалт”-ыг амжилттай давсны эцэст нефтийн газрын албаны өрөөнд зөөлөн буйдан дээр туслах жаахан охиноор байхуу цайгаар дайлуулсан шигээ суув. Энэ охинд ус буцалгаж, жижигхэн цаасан ууттай  байхуу цайгаар хэн нэгний гүзээг дүүргэхээс өөр ажил байдаггүй юм.

Нэгийг уугаад тавихад дараагийнхийг  аягална. Хоёр... гурав... тавыг уулаа. Ингэхэд би хаана ирээ вэ? Хар байхуу цайны кафед ирээгүй биз дээ. Нөгөө улс орноо түлш шатахууны хомсдолоос гаргах “мастер” төлөвлөгөө маань липтон цайтай хамт шээсний сүвээр урсаад засгийн газрын эрэгтэйчүүдийн нойлын бохирын шугамаар Сонсголонгийн ус цэвэрлэх байгууламж руу туух нь ээ. Улс орон эдийн засгийн хямралд нэрвэгдээд өөд нар харахгүй байгаа хүнд үед иргэн миний бие эх орныхоо төлөө “зүтгэх”-гүй бол энэ засгийн газрын саарал ордонд  ямбалан нуусан ноёд яавч “хөдлөх” шинж алга. Бие засах газар туслахууд нь ариун цэврийн цаас ороолттой нь барьчихсан жорлонгийн хаалганы цаанаас “эзнээ” дуудахад год год харайх юм. Хүнээр бөгсөө арчуулсан лойчихсон юмнууд  юун төрийг мандуулах. Осолтгүй саарал ордныхоо орой дээр төрийн далбаагаа тамхиныхаа галд шатаачихалгүй “мандуулж” байвал барав цаашаа...

Надад хүртэл нэг “туслах” өгсөн нь түрүүчийн байхуу цайгаар “цутгаж алангаа” алдсан годгоносон охин. Төрийн албаны даргатай уулзаж, өгсөн төслийнхөө хариуг сонсох гэж хүлээлгийн өрөөнд цай “гүзээлж” суусаар долоо хоногийг барав. Надаас “Нүдний шилт гүзээ” хэмээх “цол өргөмжлөл” хүртсэн залуу түшмэл: - дарга удахгүй ирнэ та маргааш ир гэдэг зургаан үг л надад хэлнэ. Сүүлдээ “туслах” охинтой тав гурван үг сольсоор бараг “хамаатан” болох шахлаа. Түүний аав таван жилийн өмнө надтай хамт дотрын эмнэлэгт хэвтэж байсан нь ярианы далимд тодров... Нэг мэдэхэд хоёр сар өнгөрчээ. Залуудаа би тэр охины ээжтэй уулзаж явсан ч юм шиг байгаа юм... Маргааш ирнэ гэдэг дарга нь ч ирдэггүй. Залуу түшмэл харин ирэх бүрд улам жин нэмсэн харагдана. Анх уулзахад эрүүн дороо нэг давхраатай байсан бол хоёр болжээ. Туслах охин дарга нарын цай зөөдгийн “хөлс”-өнд гадаадад сургуульд явсан тул шинэ туслах нь ноомой байрын бор хүү болов. Байхуу цай барьж далдганахаа болиод хийжүүлсэн ундаагаар гэдэс “дүүргэнэ”. Байнга тааралддаг харуулын цагдаа цол дэвшиж өөр газар шилжжээ. Ир гэсэн өдөр нь дарга нь ерөөсөө таарахгүй тул сүүлдээ уцаар хүрч, түшмэл залууд “ Чи даргыгаа байх өдөр намайг ирүүлж бай. Заавал хурал, зөвлөгөөн, томилолттой цагийг нь тааруулж хүн явуулдагаа боль” гэж хатуухан хэлээд тавьчихав.

Түшмэл дуугүйхэн мушилзаж намайг “аргадаж” явуулсаар... би хэлсэн цагт нь очиж хоосон хаалга “мөргөсөөр”... дараагийн сонгууль болов. Сонгууль гэдэг солигдохын нэр байдаг болохоор бүгд солигдов. Шат угаагаад зогсож байдаг цэвэрлэгч нь хүртэл өөр хүн болжээ. Ардын намын цэвэрлэгч, ардчилсан намын цэвэрлэгч гээд шал угаахдаа бас талцдаг бололтой. Надад бол аль нам, аль засгийн газар нь ялгаагүй, хамгийн гол нь миний төслийг улс орны эрх ашгийн үүднээс хянан шийдвэрлэх “хүн” хэрэгтэй байлаа. Хэдэн жил ийн “явсан”-ы эцэст би уур уцаартай ч боллоо. Саарал ордныг хараад төрийн сүлд минь гэж сүсэглэдэгээ больж, уур хүрч үзэн яддаг болов. Хэл ам сугалах шахдаг харуулын цагдаатай нь хэмх үзэлцмээр санагдана.

Хэлтсийн түшмэл гэх сээхэлзсэн авгайг хэрмэл муур шиг ураад хаямаар бодогдоно. Сүүлдээ тэссэнгүй ганц удаа бараагаа харуулдаггүй газрын дарга дээр нь дайрч ороод хэлэхээ хэлээд тавьчихлаа. “ Та нар нефть шатахуун гадаадаас царайчилж, нэр нүүрээ барж явахын оронд миний төслийг авч үзэж,  дэмжиж, үйлдвэр явуулсан бол улс орон хямарч, үнэ нь толгойд хадахгүй байх байсан. Эх орноо боддоггүй юм бол та нар энд үлийгээ хийж цаг нөхцөөж суудаг юм бэ?” гэж “агсамнахад” хамгаалалтын цагдаа нараа дуудаж намайг хүчээр гаргалаа. Гэвч би бууж өгсөнгүй. Өдөр болгон засгийн газрын ордон руу орох гэж хэл ам татална.

Намайг ирэх бараанаар харуулын цагдаа нарыг хүч нэмэгдүүлж, онц байдал тогтооно. Сүүлдээ намайг энэ галзуу солиотой амьтан хэвлэл мэдээллийнхэнд элдвийн юм ярьж, толгой орооно гэж бодсон уу засгийн газрын зөвлөх гэгч нэгэн албаны нөхөртэй уулзуулав. Насаар уул нь миний ойролцоо боловч намайг бодоход гадаад дотоодгүй алба хашиж, юм үзсэн толгой гэдэг нь хэлэх үг, ярих төлөвөөс нь илхэн харагдаж байлаа. Албаны ихэмсэглэлээ түр орхин зөөлөн олбогтой сандалд намайг суухыг уриад,

-Иргэн таны төсөл бол улс оронд амин хэрэгтэй чухал санал санаачилга бол мөнөөс мөн. Бид энэ асуудлыг авч хэлэлцээд таны төслийг дуу нэгтэй дэмжиж байгаа боловч үйлдвэрлэлд шууд хэрэглэх цаг нь болоогүй гэж үзлээ. Хоёрт бидэнд энэ төслийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгө алга. Харин таны төслийг хожим хэрэглэхэд бодож үзүүштэй зүйл гэж тэмдэглээд бид таны төслийг худалдаж авахаар шийдлээ. Танд сануулахад энэ төслийнхөө тухай хэнд ч юу ч хэлэхгүй байхыг хатуу анхааруулъя. Энэ бол улсын нууц. Улсын нууцыг задруулсан тохиолдолд таньд хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах буюу эрх чөлөөг чинь хасаж болохыг дахин сануулъя гэж хэлээд таны саналыг сонсьё гэж байна.
-Юу л даа... би бодоходоо... миний төслийг худалдаж авсан мөнгөөр би үйлдвэрлэл явуулж болохсон бол уу л гэж

-Танд дахин хэлэхэд та улсаас авсан мөнгөөрөө өөрийнхөө төслийн дагуу ямар нэгэн үйлдвэрлэл туршилт явуулахыг хориглоно. Энэ мөнгийг та зөвхөн амьдрал ахуйдаа зориулах ёстой. Засгийн газраас явуулж байгаа бизнесийн нууцыг олон түмэнд мэдэгдвэл таны амьдралд муу юм болно гэж зөвлөх сүрдүүлэх маягтай тайлбарлав... Засгийн газрын ордноос яаж гарсанаа би санадаггүй юм. Сүнс нь зайлсан мэт хувхай царайлсан амьтан шатаар нисэж үхэлгүй хөлөө зөөж ядан буусанаа муухан санана. Хэдий улстөрийн нарийн ширийн үйл ажиллагааг мэдэхгүй тэнэг мулгуу ч гэсэн гадаадаас нефть шатахуун оруулж байх нь төрийн нууц юм байна гэдгийг хэрдээ л хүчээр шахуу өөртөө ойлгуулах гэж өөрийгөө нилээн зовоож билээ. Гэхдээ би хоосон хоцроогүй ээ. Нефтийн ольгархиудаас дутахгүй амьдарч явна. Намайг тэд хэдэн төгрөгөөр худалдаж авахаа бас мэддэг гайхлууд шүү...

Даваажавын Эрдэнэмөнх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш