logo
Нийслэлийнхэн ойрын үед онцгой дэглэмтэй ажиллана

Нийслэлийнхэн ойрын үед онцгой дэглэмтэй ажиллана

2012/06/27
Төрийн сонгууль ойртсон, Улсын их баяр наадмын бэлтгэл хангаж байгаа гээд өндөр хариуцлагатай энэ үед нийслэлийнхэн онцгой дэглэмтэй ажиллахаар боллоо. Өнөөдөр хуралдсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарзориг үүнийг хатуу анхааруулсан юм.

“Төрийн ажил тасралтгүй явах ёстой, явж ч байгаа. Гэхдээ ойрын үед улам бүр хариуцлагыг чангатгах үүднээс ийм дэглэмд ажиллах үүрэг өгч байгаа” гэдгээ тэрбээр онцолсон юм.

Харьяа газруудын ажил хариуцсан хүмүүсийн мэдээснээр нийслэлд өнөө жил хийгдэх ёстой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хэвийн, зарим салбарт өмнөх жилийнхээс ч эрчтэй өрнөж байна. Нийслэлийн удирдлагууд зам засварын ажлыг өнөө жил эрт эхлүүлсний үрээр хороолол дундах замын ажлууд наадмаас өмнө дуусна. Баянхошуу, Дэнжийн 1000-ыг холбосон шинэ зам ашиглалтад орсон, Нарантуул захын баруун урд уулзварыг урагш нь нэвт гаргасан шинэ гарц тавьж, энэ нь нийслэлийн замын ачааллыг 30 хувь хөнгөлөх болсон гээд зам засварын ажлын явц сайн байна. “Дүнжин гаравын гарам”-ыг нээхээс өмнө Замын цагдаагийн газрын өмнөх уулзварын ачааллыг тус гарцыг нээсний дараа үетэй харьцуулахад зорчих тээврийн хэрэгслийн тоо буураагүй хэдий ч уулзвараар нэвтрэх тээврийн хэрэгслийн хурд нэмэгдсэнийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхөн онцоллоо.

УИХ, НИТХ-ын сонгуулийг хэвийн, ямар нэгэн асуудал үүсгэлгүй явуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, өөрийн байгууллагын зүгээс шаардлагатай бүхнийг бэлэн болгосон гэдгээ нийслэлийн Бүртгэлийн газрынхан хэлсэн. Тэд Сонгуулийн Ерөнхий хороонд сонгуульд оролцох иргэдийн нэрийн жагсаалтыг бүрэн гарган өгч, ухаалаг иргэний үнэмлэх олгох ажлыг дуусган, сонгуулийн хэсгийн хороодод ажиллах итгэмжлэгдсэн ажилчдыг сургалтад хамруулах ажлыг зохион байгуулсан байна.

Нийслэлд орсон хүчтэй борооны улмаас учирсан хохирлыг арилгах талаар нийслэл, дүүргийн зүгээс шуурхай арга хэмжээ авч, иргэдэд гэр олгох, үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг шуурхай зохион байгуулж байгааг холбогдох албаныхан танилцуулсан. Цаашид Улсын их баяр наадмыг хүртэл бороо хур элбэгтэй, усархаг бороо орох төлөвтэй байгаа тул үерийн аманд буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авах мөн иргэдийг амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхээр гол усны ойр явахгүй байх талаар сэрэмжлүүлэх шаардлагатай байгааг онцгойгийнхон анхааруулсан.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэн 1280 га талбай бүхий дэлхийд томд орох хүрээлэнгийнхээ эхний ээлжийн 30 га газрын тохижилтын ажлуудаа түрүүчээс нь ашиглалтад оруулж, нийслэлчүүд очиж амрах боломжтой нэгэн газар нээгдсэнийг танилцуулсан. 40 метрийн радиустай усан оргилуур, 24 метрийн өргөнтэй өргөн чөлөөг иж бүрэн тохижуулж ашиглалтад оруулснаас гадна энэ ондоо багтааж, 3.2 км гүйлтийн болон явган зам, 300 автомашины зогсоолыг хийхээр төлөвлөжээ.

Ирэх онд гол хаалга болон 3.2 км гүйлтийн зам дагасан сагсан бөмбөг, газрын теннисний талбай зэргийг хийж гүйцэтгэснээр эхний ээлжинд ашиглалтад оруулах 30 га газрын тохижилт бүрэн дуусна гэдгийг тус хүрээлэнгийнхэн мэдээлсэн.

Драмын театрийн өмнөх талбайн тохижилт, 22 чиглэлийн зам засварын явцыг хурдасгах шаардлагатайгаас өөрөөр баяр наадмын бэлтгэл ажилд санаа зовох зүйл бага, бэлтгэл ажил хэвийн хангагдаж байгааг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Нарийн бичгийн дарга энд хийсэн мэдээлэлдээ дурдсан.

Ийнхүү сонгуулийн уур амьсгал ид бужигнаж байгаа хэдий ч нийслэлийн ажил хэвийн үргэлжилдгээрээ үргэлжилж, хийх ажлуудаа дор бүрнээ гүйцэтгэж байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш