logo
Монголын хөлбөмбөгийн фанатууд “Евро 2012”- ыг зөв үзэж чадахгүй л байна

Монголын хөлбөмбөгийн фанатууд “Евро 2012”- ыг зөв үзэж чадахгүй л байна

2012/06/30
Сонгуулийн сурталчилгаатай зэрэгцээд Буурал тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж монголчуудыг уйдах завгүй болгосон. Өчигдөр сонгууль өгөх өдөр болж бидний нүд, чих амарсан. Харин одоо "Евро 2012”-ын хагас шигшээгийн тоглолтууд явагдаж дуусч байна. Ингээд аваргын төлөөх тоглолт эхэлж, нөгөө хөлбөмбөгийн фанатуудын ихэнх нь уушийн газар луу гүйх байх. Саяхан нэгэн эмгэн уйлан явж байхтай таарлаа. Учрыг нь тодруулахад, түүний хамгийн хайртай ач нь найзуудынхаа ятгалгаар уушийн газар руу явж шөнө хөлбөмбөг үзжээ. Уг нь спорт сонирхоод байдаггүй залуу гэнэ. Зүгээр л найзуудынхаа ятгалгад орж жаал шар айраг уухаар явжээ. Тэгээд хөлбөмбөгчдөө танихгүй ч тэнд байсан хүмүүсийг даган хашгирахдаа хашгирч, онгирохдоо онгироод л байж. Уусан зүйл нь ч савнаасаа хальж согтжээ. Тэгтэл найзууд нь түүнийг таксинд суулгаад харь гэсэн гэнэ. Гэрийн зүг явж байхдаа таксины жолоочтой муудалцаж, хөөгдөн явган алхаж байхад нь хэдэн залуус таарч дээрэмдэж зодон хамрыг нь хугалжээ. Гэмтэл авсан тэр залуу цагдаад гомдол гаргаад ч нөгөө хүмүүсээ согтуу байсан болохоор нүдлээгүй тул хэрэг нь замхарч байгаа бололтой. Харин хөлбөмбөг үздэггүй мөртлөө найзуудаа дагаж яваад хүнд гэмтэл авсан тэр залуу насан туршдаа хохироод үлдэж байна. Үнэхээр харамсалтай.

Хэдий хувь хүн юу хийх нь өөрийн дур боловч хүн төрөлхтний хаан спортын энэ сайхан том тэмцээний далимаар залуусыг “манайд ирж согтуур” гэж рекламдаж байгаа нь “зэвүүн". Энэ буруу рекламад автсан хэд хэдэн залуус гэмт хэргийн хохирогч болоод үлдсэнийг хэн хариуцах вэ. Бид ямар хэдэн арван жил өөрийн клуб, шигшээг дэмжин зөвхөн нэг сонирхлоороо нэг дор цуглан тааваараа хөлбөмбөг үздэг баруун Европчууд юм уу. Асар нэртэй энэ олон хүний цуглуулга хийж байгаа уушийн газрууд орлогоо бодно уу гэхээс хөлбөмбөг тухтай, тавтай үзүүлэх орчноо нэг л бодсонгүй. Тэнд очиж буй хүмүүс ч гол төлөв хөлбөмбөгөө танихаас илүү урьдах ууж идэх юмаа л таньж байна. зүгээр бусдыг даган хоосон хөөрөх. Энэ бол хөлбөмбөгийн фанатизм биш. Зүгээр л хоосон маяглал. Хөлбөмбөгөө ойлгох хэрэгтэй, эхлээд. Манай улсад хөлбөмбөгийн спортыг үнэхээр сонирхдог олон хүн бий. Тэд нэг их асруудруу гүйхгүй байгаа даа. Цаашид хөлбөмбөгийн олон том тэмцээнийг монголчууд шууд үзэх болно. Тэр цагт л арай өөрөөр хөлбөмбөгийг үздэг болъё. Одоо сонгууль дууслаа. Удахгүй Буурал тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ч өндөрлөнө. Хөлбөмбөг нэрийн дор явагдсан их хөлчүүрэл багасах биз ээ.

Эх сурвалж: "Үндэсний мэдээ" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш