logo
Монголын сонгуулийн тухай гадаадын хэвлэлд

Монголын сонгуулийн тухай гадаадын хэвлэлд

2012/06/30
Байгалийн ашигт малтмалын асар их нөөцтэйгөөрөө олон улсын анхаарлыг татах болсон Монгол Улсад парламентын сонгууль болсон тухай дэлхийн мэдээллийн олон агентлаг мэдээлж байна. Улсын их хурлын сонгуульд оролцсон сонгогчдын саналыг тоолж дуусаагүй байгаа тухай ИТАР-ТАСС агентлаг мэдээлэв. Сонгуульд оролцсон намууд аль нэг тойрогт ялснаа зарлаж байгаа ч энэ нь үнэн бодит үнэлгээ болж чадахгүй, байдлыг улам төөрөгдүүлж байгаа тухай тус агентлаг мэдээлжээ.
Сонгуулийн 26 тойрогт болсон санал хураалтад Монголын 1,8 орчим сая иргэн саналаа өгөх эрхтэй байсан, тус улсад анх удаа электрон санал хураалт явуулсан тухай Германы Дойче Вилле телевиз мэдээлэв.
Ашигт малтмалаар баян орнуудын нэг болох Монгол Улсыг олон улсын томоохон концернууд ихээхэн сонирхож байгаа, тухайлбал, Австралийн Рио Тинто компани нүүрс, зэс, алт олборлох салбарт томоохон төслүүд хэрэгжүүлэхэд оролцож байгаа тухай Францын Франс Пресс агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, Монголд оруулсан эдийн засгийн хөрөнгө оруулалт өнгөрсөн онд ердөө дөрөвхөн хувиар өссөн байна.
Нүүрсний экспорт орлогынх нь гол эх сурвалж болсон, нүүрснийхээ 90 хувийг Хятадад худалддаг Монгол Улсад болсон сонгуулийн дүн хоёр долоо хоногийн дараа гарна гэж Британийн телевиз, радиогийн Би-Би-Си агентлаг мэдээлжээ.
Монголын сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт оруулсны ачаар энэ удаагийн сонгуульд түүхэн дээд амжилт тогтоох тооны эмэгтэй нэр дэвшигч оролцлоо гэж eurasianet.org цахим хуудсанд мэдээлсэн байна. Парламентын 76 суудлын төлөө 544 нэр дэвшигч өрсөлдөж байгаагийн 174 нь эмэгтэйчүүд байгаа нь шинээр тогтоосон 20 хувийг үлэмж хэмжээгээр давж байгаа ч тухайн намын нэрсийн жагсаалтад эмэгтэй нэр дэвшигчдийн эзэлж байгаа байр үнэхээр амжилт олоход эргэлзээ төрүүлж байна гэж энэ цахим хуудсанд мэдээлжээ. Тус улсын одоогийн парламент эмэгтэйчүүдийн эзлэх хувиараа Женевт төвтэй Парламент хоорондын холбооны тайланд орсон улсуудын жагсаалтын сүүлийн байруудын нэгийг эзэлсэн байна гэж тус цахим хуудас мэдээллээ.
Монголын Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр, сонгуульд оролцохоор 354 нэр дэвшигч бүртгүүлчний 84 нь эмэгтэй нэр дэвшигч, 26 нь бие нэрээ дэвшигч байгаа тухай Казахстаны агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, хамгийн залуу нэр дэвшигч 26 настай, хамгийн ахмад нь 71 настай байна.
Монголийн хууль тогтоох шинэ байгууллага ядуу зүдүү амьдралтай хүн амаа өөд татахын тулд эрдэс баялгийн асар их нөөцөө хэрхэн зөв хуваарилах асуудлыг шийдэх хэрэгтэй болно гэж VOA /Америкийн дуу хоолой/ мэдээлсэн байна.
Тэрчлэн ОХУ-ын мэдээллийн Риа Новости, Украины УНИАН, Азербайжаны Азертак, Хятадын Синьхуа, Вьетнамын ВМА зэрэг агентлаг Монголын СЕХ болон МОНЦАМЭ агентлагийн өгсөн мэдээллийг уламжилжээ.
З.Амгалан 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш