logo
Сирийн 80 гаруй цэрэг Туркт иржээ

Сирийн 80 гаруй цэрэг Туркт иржээ

2012/07/04
Даваа гарагт Сирийн 80 гаруй цэрэг армиасаа зугтан Туркт иржээ. Сириэс ирсэн 85 цэргийн дунд нэг генерал, нэг хурандаа, нэг дэд хурандаа болон өөр 18 офицер байв. Одоо Туркт Сирийн 600 цэрэг байгаагийн 20 нь генерал ажээ.

Албан ёсны мэдээгээр, өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас хойш Туркт Сирийн 55 мянга орчим иргэн ирсний 34,3 мянга нь хил орчимд босгосон майхан хуаранд байрлаж байна. Туркийн эрх баригчдын урьдчилан таамаглаж буйгаар, энэ оны сүүлээр Сирийн дүрвэгчдийн тоо 70 мянга давна.

Сирид засгийн газраа эсэргүүцсэн тэмцэл эхэлснээс хойш нэг жил гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд дөрөвдүгээр сард түр эвлэрсэн хэдий ч өдөр бүр энгийн номхон иргэд ч, хүчнийхэн ч амь насаа алдсан тухай мэдээлж байна.

НҮБ-ын мэдээлснээр, амь үрэгдэгсдийн тоо 12 мянга давжээ. Сирийн эрх баригчдын мэдэгдсэнээр, зэвсэглэсэн сөрөг хүчинтэй хийж буй мөргөлдөөнд 2500 гаруй цэрэг, цагдаа, 3200 гаруй энгийн номхон иргэн амь үрэгдсэн байна.

З.Амгалан 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш